Skip to content

Гарчиг руу орох

Бурхан шийтгэж байгаа юм болов уу?

Бурхан шийтгэж байгаа юм болов уу?

2011 оны 3 дугаар сард Японд 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунами болоход Японы нэгэн улс төрч: «Би гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн төлөө харамсаж байгаа ч энэ явдлыг тэмбацү (Бурхны шийтгэл) гэж бодож байна» гэж хэлжээ.

2010 оны 1 дүгээр сард Гайтид газар хөдлөлтийн улмаас 220 000 гаруй хүн амиа алджээ. Телевизээр шашны нэвтрүүлэг явуулдаг нэгэн алдартай хүн гайтичуудыг «чөтгөртэй гэрээ хийсэн» учраас ийм гамшигт өртсөн бөгөөд «бурхан руу эргэх» хэрэгтэй хэмээжээ.

Филиппиний Манила хотод эмх замбараагүй явдал гарч, 79 хүн нас барахад католик шашны нэгэн пастор: «Хүний мөсөөр муудсан бидэнд Бурхан сануулга өглөө» гэж мэдэгджээ. Тэндхийн нэгэн сонинд «насанд хүрэгчдийн хорин нэгэн хувь нь Бурхан хилэгнэхдээ хөрсний нуралт, далайн хар салхи гэх мэтийн гамшиг илгээдэг гэж итгэдэг аж» хэмээн бичжээ. Тэр нутагт иймэрхүү гамшиг байнга болдог байна.

БУРХАН муу хүмүүсийг цээрлүүлэхдээ байгалийн гамшиг учруулдаг гэсэн ойлголт хэзээнээс байсаар ирсэн. Жишээ нь, 1755 онд Португалийн Лиссабонд газар хөдлөлт, түймэр, цунамигийн улмаас 60 000 гаруй хүн амь үрэгджээ. Энэ явдлын дараа алдарт философич М. Ф. Вольтер: «Хөөрхий Лиссабоны гэм нүгэл нь хуял тачаалдаа ташуурсан Парисынхаас их байсан юм гэж үү?» хэмээн шүлэглэн бичжээ. Ер нь, байгалийн гамшиг Бурхнаас ирдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг учир олон сая хүн Бурхан хүмүүсийг шийтгэхдээ үнэхээр байгалийн гамшиг учруулдаг юм болов уу гэж гайхдаг.

Үүнээс үүдээд «Бурхан хүмүүсийг шийтгэхдээ байгалийн гамшиг үнэхээр учруулж байсан уу? Сүүлийн үед их гарах болсон гамшигт явдлууд Бурхны шийтгэл мөн үү?» гэсэн асуулт гарч байна.

Зарим хүн, Бурхан байгалийн хүчийг ашиглан хүмүүсийг шийтгэсэн тухай Библид тэмдэглэсэн явдалд үндэслэн Бурхныг буруутгадаг (Эхлэл 7:17–22; 18:20; 19:24, 25; Тооллого 16:31–35). Гэхдээ Библид бичсэнийг үзвэл тийм явдлууд гурван онцлогтой байдаг. Нэгдүгээрт, Бурхан үргэлж урьдчилан сэрэмжлүүлдэг. Хоёрдугаарт, байгалийн гамшиг болоход сайн муу хүмүүсийн аль аль нь үрэгддэг бол Бурхан байгалийн хүчийг ашиглан хүмүүсийг устгахдаа засаршгүй муу хүмүүс юм уу сэрэмжлүүлгийг санаатайгаар үл тоомсорлосон хүмүүсийг л устгадаг. Гуравдугаарт, Бурхан гэмгүй хүмүүст аврагдах боломж олгодог (Эхлэл 7:1, 23; 19:15–17; Тооллого 16:23–27).

Тэгэхлээр өнөөдөр олон сая хүний амьдралыг сүйрүүлж байгаа тэр бүх гамшгийн цаана Бурхан байна гэх үндэслэл алга. Тэгвэл ямар учраас байгалийн гамшиг ар араасаа тохиолдох болов? Гамшгийг хэрхэн даван туулах вэ? Байгалийн гамшиг болдоггүй цаг ирэх болов уу? Эдгээр асуултын хариуг дараа дараагийн өгүүллээс мэдэж аваарай.