Skip to content

Гарчиг руу орох

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

БАГААСАА шүтсэн шашнаа орхин буруу замаар орсон бүсгүй юуны ачаар өөрчлөгдсөн бэ? Энэ асуултын хариуг түүний ярианаас мэдэж авцгаая.

«Одоо жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч явна» ЛИЗА АНДРЕЙ

ТӨРСӨН ОН: 1986

УЛС: ЛЮКСЕМБУРГ

ӨМНӨ НЬ: БУРУУ ЗАМААР ОРСОН

ӨМНӨХ АМЬДРАЛ: Би Люксембург хотын ойролцоо орших Бэртрэнж гэдэг цэвэрхэн, тайван, хөгжин цэцэглэсэн жижиг хотод өссөн. Би таван хүүхэдтэй айлын отгон охин. Эцэг эх маань Еховагийн Гэрч бөгөөд биднийг Библийн зарчмаар хүмүүжүүлэх гэж их л хичээдэг байсан даа.

Шилжилтийн насан дээрээ Еховагийн Гэрчүүдийн заадаг сургаалд эргэлзэх болсон юм. Анхандаа ч эргэлзэхгүй байхыг хичээсэн. Гэхдээ яваандаа итгэл минь суларсан. Эцэг эх маань зөв замаар явуулах гэж чадах бүхнээ хийсэн ч би тэр бүхнийг нь тоогоогүй. Тэднийхээ хэлж ярьсныг үл тоомсорлон, эрх мэдлийг хүндэтгэж мэддэггүй залуустай цагаа өнгөрөөдөг боллоо. Би тэдэн шиг эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг болсон. Бид байнга л наргиж цэнгэж, хэнтэй ч хамаагүй бэлгийн харьцаанд орж, архи ууж, мансууруулах бодис хэрэглэдэг байлаа. Үнэхээр жаргалтай амьдардаг юм шиг харагддаг хүмүүстэй нийлэх эхэндээ сайхан л санагддаг байв.

Гэхдээ үнэн хэрэгтээ би жинхэнэ ёсоор жаргалтай байгаагүй юм. Тийм хүмүүстэй нөхөрлөсөн ч амьдрал минь утга учиргүй, хоосон юм шиг санагддаг байлаа. Учир нь тэд огт юм боддоггүй хүмүүс байв. Харин би шударга бус явдал яагаад ийм их гардагт санаа зовж явдаг байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам улам сэтгэлээр унаж, гутарсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Би 17 настай байхдаа нэг удаа сэтгэлээр их унаж билээ. Тэгэхэд ээж минь дахин Библийн хичээл хийж үзэхийг гуйсан юм. Библийн сургаалыг өөрөө судалж үзээд, тэр дагуу амьдрах эсэхээ өөрөө шийдэхийг надад зөвлөсөн. Ингэж илэн далангүй ярилцсаны ачаар амьдрал минь их өөрчлөгдсөн. Тэгээд би эгч Каролин болон нөхөр Акифтай нь Библи судлахаар боллоо. Хүргэн ах маань Гэрч гэр бүлд өсөөгүй ч насанд хүрсэн хойноо Гэрч болсон юм. Тийм болохоор Акиф ахтай илэн далангүй ярьж чаддаг байлаа. Энэ нь надад үнэхээр тустай байв.

Эхэндээ ч хийсэн зүйлээ хувийн хэрэг л гэж бодож байлаа. Гэхдээ ийм амьдрал Гэрч хүнд зохисгүйг ухаарсан. Библи судлаад хэрхэн биеэ авч яваа маань Еховаг гомдоодог эсвэл баярлуулдгийг ойлгосон (Дуулал 78:40, 41; Сургаалт үгс 27:11). Бас бусдад ч нөлөөлдгийг ухаарсан.

Библийг нямбай судлах тусам энэ ном уялдаатай бас Бурхны Үг мөн гэдэгт итгэж болох үндэстэйг мэдэж авсан. Жишээ нь, Библийн олон зөгнөл яг таг биелснийг олж мэдэв. Ингэж мэдлэгээ гүнзгийрүүлсний ачаар өмнөх шигээ эргэлзэхээ больсон.

Библи судлаад бараг нэг жил болсны дараа, аав ээжтэйгээ Герман дахь Еховагийн Гэрчүүдийн салбарт сайн дурын ажил хийдэг ах дээрээ очлоо. Ахыгаа ямар их жаргалтай байгааг хараад сэтгэл их хөдөлж билээ. Би яг л ийм аз жаргалыг хайж явсан! Тэнд сайн дураараа ажилладаг Гэрчүүд бас надад онцгой сэтгэгдэл төрүүлж билээ. Тэд миний нөхөрлөдөг байсан хуурамч, зугаа цэнгэлийг хайдаг хүмүүсээс тэс өөр байлаа. Удалгүй үлдсэн амьдралаа Еховад зориулахаа амлаж, чин сэтгэлээсээ залбирсан юм. Тэгээд 19 настай байхдаа Еховад өөрийгөө зориулснаа харуулан баптисм хүртсэн.

ОДОО: Би жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч явна. Бас Ехова Бурхан болон түүний ирээдүйн амлалтын талаар Библиэс мэдэхэд нь хүмүүст туслахын баяр хөөрийг эдэлж явна. Гэр бүлийнхэн маань ч надад санаа зовохоо больсон.

Би амьдралдаа алдсан нь үнэн. Гэхдээ энэ талаар аль болох бодохгүйг хичээдэг. Харин Ехова намайг уучилж, надад чин сэтгэлээсээ санаа тавьдгийг бодож явдаг. Сургаалт үгс 10:22-т (ШЕ) «Еховагийн ивээл хишиг баян болгодог бөгөөд тэр үүндээ зовлон эс авчирдаг» гэсэн үгийн үнэнийг өөрийн биеэр үзсэн.

[26-р хуудасны товчлол]

«Бид байнга л наргиж цэнгэж, хэнтэй ч хамаагүй бэлгийн харьцаанд орж, архи ууж, мансууруулах бодис хэрэглэдэг байлаа»

[27-р хуудасны товчлол]

«Би амьдралдаа алдсан нь үнэн. Гэхдээ энэ талаар аль болох бодохгүй байхыг хичээдэг»