Skip to content

Гарчиг руу орох

Эрх чөлөөний Бурханд үйлчлээрэй

Эрх чөлөөний Бурханд үйлчлээрэй

Эрх чөлөөний Бурханд үйлчлээрэй

«Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 ИОХ. 5:3).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

Сатан Бурхны хуулийн талаар юу гэж бодуулахыг оролддог вэ?

Найз нөхдөө сонгож нөхөрлөх ёстойн учир юу вэ?

Эрх чөлөөний Бурханд үнэнч байхад юу тус болох вэ?

1. Ехова эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг вэ? Адам Ева хоёрт ямар эрх чөлөө олгосон бэ?

 ОРЧЛОНТ ертөнцөд Ехова ганцаараа хязгааргүй эрх чөлөөтэй. Гэсэн хэдий ч эрх чөлөөгөө буруу эдэлдэггүй. Үйлчлэгчдийнхээ алхам бүрийг хянаж цагддаггүй. Харин аливаа зүйлийг өөрөө шийдэх, зөв зохистой хүслээ хангах эрх чөлөө олгодог. Жишээ нь, Адам Ева хоёрт ганц л юмыг зөвшөөрөөгүй. «Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс» идэхийг хориглосон (Эх. 2:17). Тэд Бүтээгчийнхээ хүслийг биелүүлэхийн зэрэгцээ гайхалтай эрх чөлөө эдэлж болох байжээ!

2. Анхны хүмүүс Бурхны өгсөн эрх чөлөөг ямар учраас алдсан бэ?

2 Бурхан ямар учраас Адам Ева хоёрт тийм их эрх чөлөө өгсөн бэ? Өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, мөс чанар хайрласан учраас тэр юм. Тиймээс бүтээсэн хүмүүс нь өөрийг нь хайрласандаа зөв замаар явна гэж итгэж найдах нь Еховагийн хувьд зүйн хэрэг байсан (Эх. 1:27; Ром 2:15). Харамсалтай нь, Адам Ева хоёр Амь өгөгч Бүтээгчдээ талархаагүй, эрх чөлөөгөө үнэлж үзээгүй. Сатаны ятгалгад орж зөв бурууг өөрсдөө шийдэхээр болсон. Тэглээ гээд илүү их эрх чөлөө эдэлсэнгүй. Харин өөрсдийгөө ч, үр удмаа ч нүглийн боол болгосон. Үүний гайгаар хүн төрөлхтөн зовлон туулж, эцэстээ үхдэг болсон (Ром 5:12).

3, 4. Сатан Еховагийн шаардлагын талаар юу гэж бодуулахыг оролддог вэ?

3 Сатан хоёр төгс хүнийг, мөн өчнөөн олон сүнсэн бүтээлийг уруу татан хэмжээгүй эрх мэдэлтэй Бурханд дуулгаваргүй болгож чадсан юм бол, биднийг ч мэхэндээ оруулж чадна. Сатан аргаа өөрчлөөгүй. Бурхны шаардлага хэтэрхий хатуу, Бурханд үйлчилбэл амьдралын баяр баясал, зугаа цэнгэл гэж үгүй болно гэсэн бодол төрүүлэхийг оролддог (1 Иох. 5:3). Ийм бодолтой хүмүүстэй байнга хамт байвал тэднээс өөрцгүй болж мэднэ. 24 настай нэг Гэрч бүсгүй: «Муу нөхөд надад маш хүчтэй нөлөөлсөн. Би үе тэнгийнхнээсээ өөр бодолтой байхаас айдаг байсан» гэж ярьсан юм. Үүний гайгаар садар самуун явдалд орооцолджээ. Найз нөхдийн нөлөө ямар хүчтэй байдгийг та ч бас үзсэн байж болох юм.

4 Хурлын зарим гишүүн ч муу нөлөө үзүүлдэг нь тоогүй. Нэг христиан залуу: «Хурлын маань зарим найз итгэгч биш хүмүүстэй болздог байв. Би тэр найзуудтайгаа цаг өнгөрөөх тусам тэдэнтэй улам адилхан болж байлаа. Сүнслэгээр суларч эхэлсэн. Цуглаан сонирхолгүй санагдаж, дэлгэрүүлэх ажилд ч дуртай дургүй явдаг боллоо. Тэгмэгцээ би тэднээс хөндийрөх хэрэгтэйгээ ойлгосон юм. Тэгээд тэдэнтэй нийлэхээ больсон!» хэмээн ярьжээ. Найз нөхөд хэр зэрэг хүчтэй нөлөөлдгийг та мэдэх үү? Библиэс нэг жишээ үзье (Ром 15:4).

ТЭДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ ЭЗЭМДСЭН НЬ

5, 6. Абсалом хүмүүсийг хэрхэн мэхэлсэн бэ? Түүний төлөвлөгөө бүтсэн үү?

5 Бусдад муугаар нөлөөлсөн олон хүний жишээ Библид байдаг. Тэдний нэг нь Давид хааны хүү Абсалом юм. Тэрбээр царайлаг төрсөн сайхан залуу байжээ. Гэвч яваандаа Сатаны адилаар эрх мэдэлд шунаж, хаан болох ёсгүй байсан хэр нь эцгийнхээ хаан ширээнд санаархах болов. * Абсалом зорилгодоо хүрэхийн тулд элэг нэгт израиль ахан дүүсээ өрөвдсөн дүр эсгэж, хэрэг заргыг нь сонсох хүн хааны ордонд байхгүй мэтээр ярьж итгүүлсэн. Еден цэцэрлэгт Диаволын аягласны адил, Абсалом өөрийгөө ач буянтай хүн болгон харуулахын зэрэгцээ хүний үнэргүй зан гаргаж эцгээ гүтгэсэн (2 Сам. 15:1–5).

6 Абсалом зальжин арга хэрэглээд санасандаа хүрсэн үү? Библид «Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав» гэж байдгийг харахад тодорхой хэмжээгээр санасандаа хүрчээ (2 Сам. 15:6). Тэрбээр олон мянган хүнийг өөртөө урвуулж чадсан ч эцэстээ ялагдсан. Бардам ихэрхэг зангаасаа болж өөрөө үхэж, түүнд хууртсан хүмүүс ч амиа алджээ (2 Сам. 18:7, 14–17).

7. Абсаломын түүхээс ямар сургамж авч болох вэ? (14-р хуудсан дахь зургийг үзнэ үү).

7 Израильчууд тийм амархан мэхлэгдсэний учир юу вэ? Абсаломын амлалт сэтгэлд нь нийцсэн байж болох юм. Эсвэл сайхан төрхөнд нь татагдсан ч юм бил үү. Аль нь ч байлаа гэсэн тэд Еховад болон түүний томилсон хаанд үнэнч байж чадаагүй. Өнөөдөр Сатан Еховагийн үйлчлэгчдийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд Абсалом шиг хүмүүсийг гар хөлөө болгон ашигладаг. Тэд: «Еховагийн шаардлага дэндүү хатуу» гэх юм уу «Еховад үйлчилдэггүй хүмүүсийг хар л даа, бүгдээрээ эрх дураараа сайхан байгаа биз дээ» гэж хэлж магадгүй. Та ийм яриаг сонсвол худал гэдгийг шууд ойлгох уу? Тэгээд Бурхандаа үнэнч хэвээрээ байж чадах уу? Гагцхүү Еховагийн «төгс хууль» болох Христийн хууль жинхэнэ эрх чөлөөтэй болгож чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? (Иак. 1:25). Тэгвэл тэр хуулийг эрхэмлэж яваарай. Эрх чөлөөгөө ямагт зөв эдэлж байгаарай (1 Петр 2:16-г уншина уу).

8. Еховагийн шаардлагыг биелүүлээгүй хүн жаргадаггүйг ямар ямар бодит жишээ харуулж байна вэ?

8 Сатан ялангуяа залуучуудыг бай болгодог. 30-аад настай Гэрч өсвөр насандаа ямар байснаа дурсан «Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээ намайг хамгаалдаг гэхээсээ илүү эрх чөлөөг минь хааж боодог гэж боддог байлаа» хэмээн ярьсан юм. Тийм болохоор садар самуун үйлджээ. Гэлээ ч жаргаагүй аж. Өөрийгөө буруутгаж олон жил шаналсан гэдэг. Нэг Гэрч бүсгүй өсвөр насандаа садар самуун үйлдээд, дараа нь ямар байсан тухайгаа «Сэтгэл тавгүйтээд, хэнд ч хэрэггүй болчихсон юм шиг санагдсан» гэж бичжээ. Тэгээд цааш нь «19 жил өнгөрсөн ч таагүй дурсамж санаанаас гарахгүй юм» гэжээ. Өөр нэг Гэрч эмэгтэй: «Миний биеэ авч явах байдлаас болж хамгийн их хайрладаг хүмүүс маань зовж шаналсныг мэдээд би маш их цочирдсон. Ухаан бодол самуурч, сүнслэг байдал маань ч муудсан. Еховагийн сайшаалыг алдах үнэхээр аймшигтай» гэж хэлжээ. Сатан нүглийн ийм хор нөлөөг бодуулахыг хүсдэггүй.

9. а) Ехова болон түүний хууль зарчмуудын талаар ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ? б) Бурхныг сайн мэдэх нь яагаад чухал бэ?

9 Эдгээр жишээнээс харахад Бурханд дуулгаваргүй байвал ямагт гашуун үр дагавар амсдаг байх нь. Христиан хүүхэд томчуудын аль аль нь энэ үнэнийг биеэрээ амсаж байж ойлгодог нь харамсалтай (Гал. 6:7, 8). Тиймээс дараах асуултыг бодож үзээрэй. «Сатан ямар аргаар намайг хуурч мэхлэх гээд байгааг би ойлгодог уу? Би Еховаг, ямагт үнэн үг хэлдэг, намайг гэсэн сэтгэлтэй хамгийн дотны Найзаа гэж үздэг үү? Үнэхээр ашиг тустай, сайн сайхан бүхнийг Ехова надаас хэзээ ч харамлахгүй гэдэгт бүрэн итгэдэг үү?» (Исаиа 48:17, 18-ыг уншина уу). Еховагийн талаар хагас дутуу мэдлэгтэй бол эдгээр асуултад үнэн голоосоо «Тийм» гэж хариулж чадахгүй. Тэгэхлээр Еховатай сайн танилцаарай. Тэгээд хааж боох гэсэндээ бус, хайрласандаа хууль, зарчим гаргасныг нь ойлгоорой (Дуу. 25:14).

МЭРГЭН БӨГӨӨД ДУУЛГАВАРТАЙ ЗҮРХ ГУЙЖ ЗАЛБИР

10. Залуу хаан Соломоныг дууриах хэрэгтэйн учир юу вэ?

10 Соломон залуудаа «Би балчир хүүхэд юм. Би хэрхэн орж гарахаа ч мэдэхгүй билээ» хэмээн даруухнаар залбирсныхаа дараа мэргэн бөгөөд «дуулгавартай» (ШЕ) зүрхтэй болгож өгөхийг гуйжээ (Х.дээд 3:7–9, 12). Ехова чин сэтгэлийн энэ залбиралд хариулсан. Хөгшин залуу гэлтгүй хэн боловч тийнхүү гуйвал залбирлынхаа хариуг авна. Орчин үед Ехова ер бусын аргаар хэрсүү, мэргэн ухаантай болгохгүй нь ойлгомжтой. Гэхдээ Үгийг нь шаргуу судалж, ариун сүнс гуйн залбирч, христиан хурлаар дамжуулан өгдөг сүнслэг хоол ундыг бүрэн дүүрэн хүртвэл мэргэн ухаантай болно (Иак. 1:5). Еховагийн зөвлөгөөг хэрэгсдэггүй «мэргэн хүмүүс, ухаантнууд» энэ ертөнцөд олон байдаг. Харин Еховагийн өгсөн бүхнээс ач тус хүртдэг бол залуу хүн ч тэднээс хавьгүй илүү ухаантай болно (Лук 10:21; Дуулал 119:98–100-г уншина уу).

11-13. а) Дуулал 26:4; Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33-аас ямар чухал сургамж авч болох вэ? б) Та Библийн эдгээр зарчмыг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?

11 Одоо найз нөхдөө сонгоход тус болох Библийн хэдэн зүйлийг үзье. Библийг судалж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодохын чухлыг эдгээр зүйлээс ойлгож аваарай. Үүний ачаар Еховаг илүү сайн мэддэг болно. «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай хамт ч явахгүй» (Дуу. 26:4). «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» (Сур. 13:20). «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» (1 Кор. 15:33).

12 Дээрх зүйлүүдээс юу ойлгож болох вэ? 1) Ехова биднийг найз нөхдөө сонгож нөхөрлөөсэй гэж хүсдэг. Бидний сүнслэг байдлыг хамгаалж, ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгах хүсэлтэй учраас тэр шүү дээ. 2) Нийлж нөхөрлөдөг хүмүүс маань сайн, муу янз янзаар нөлөөлдөг. Энэ бол амьдралын бодит үнэн юм. Ехова энэ гурван зүйлийн алийг нь ч «тэгж, ингэж болохгүй» гэж хууль дүрэм шиг хэлээгүйг анхаараарай. Харин ч орой руу орохоор их энгийн бичүүлжээ. Угтаа, Ехова биднээс «Байдал ийм л байна. Яамаар байна даа? Юу гэж бодож байна вэ?» хэмээн асууж байгаа хэрэг.

13 Дээрх гурван зүйл үнэн гэдэг нь амьдрал дээр батлагдсан учир аль ч үед, ямар ч нөхцөлд амьдардаг бай, хүн бүхэнд хамаатай гэж хэлж болно. Тийм болохоор дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «„Дүр эсгэгч нараас“ яаж хол хөндий явах вэ? Ямар үед тийм хүмүүстэй холбоо тогтоож болзошгүй вэ? (Сур. 3:32; 6:12). Еховагийн нөхөрлүүлэх гээд байдаг „мэргэн хүмүүс“ нь хэн бэ? Надаас холдуулахыг хүсдэг „мунхаг хүмүүс“ гэж хэн бэ? (Дуу. 111:10; 112:1; Сур. 1:7). Найз нөхрөө буруу сонговол ямар „сайн зуршлаа“ үгүй хийх вэ? Зөвхөн ертөнцийн хүмүүсийг л муу нөхөр гэх үү? (2 Петр 2:1–3)». Та эдгээр асуултад юу гэж хариулах вэ?

14. Гэр бүлийн Библийн хичээлийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж болох вэ?

14 Танд болон танай гэр бүлд хамаатай асуудлыг Бурхан юу гэж үздэгийг ойлгохын тулд Библийн бусад зүйлийг ч бас дээрх маягаар эргэцүүлэн бодож болно. * Эцэг эхчүүд ээ, Гэр бүлийн Библийн хичээлээрээ иймэрхүү сэдвийг хэлэлцээрэй. Ингэхдээ та нар хууль, зарчмаар нь илэрдэг Бурхны агуу хайрыг гэрийнхэндээ ойлгуулах зорилготойгоо бүү мартаарай (Дуу. 119:72). Хичээлээ ийм маягаар хийвэл хүн бүр Еховатай болон бие биетэйгээ дотно болох учиртай.

15. Мэргэн бөгөөд дуулгавартай зүрхтэй болж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

15 Мэргэн бөгөөд дуулгавартай зүрхтэй болж уу, үгүй юү гэдгээ яаж мэдэх вэ? Нэг арга нь өөрийнхөө бодлыг эртний үнэнч хүмүүсийнхтэй харьцуулах явдал юм. Жишээ нь, Давид хаан: «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» гэж бичжээ (Дуу. 40:8). 119-р дууллыг бичигч бас «Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» гэж хэлсэн (Дуу. 119:97). Их л мэрийхгүй бол ингэж хайрладаг болохгүй. Библийг нягт нямбай судалж, залбирч, эргэцүүлэн бодохоос гадна Бурхны тогтоосон хэм хэмжээг сахихын ач тусыг өөрийн биеэр амсаж үзвэл хууль тушаалыг нь «хайрладаг» болно (Дуу. 34:8).

ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦ!

16. Жинхэнэ эрх чөлөөний төлөөх дайнд оролцохдоо юу санах ёстой вэ?

16 Бүхий л түүхийн туршид, үндэстнүүд эрх чөлөөний төлөө тулалдаж байсан. Тэгвэл христиан хүн та жинхэнэ эрх чөлөөний төлөө сүнслэг дайнд оролцоход бүр ч илүү бэлэн байх ёстой бус уу? Бид зөвхөн Сатан болон энэ ертөнцийн сүнстэй тулалддаггүйгээ санах ёстой. Төгс бус байдал, хуурамч зүрх маань ч бидний дайсан мөн (Иер. 17:9; Еф. 2:3). Гэхдээ Еховагийн тусламжтайгаар тэмцэлдээ ялалт байгуулж болно. Ялах бүрдээ наад зах нь хоёр сайн үр дүн амсана. Нэгдүгээрт, Еховаг баярлуулна (Сур. 27:11). Хоёрдугаарт, «эрх чөлөөний хууль болох төгс хуулийн» ач холбогдлыг мэдрэх тусам мөнхийн амь руу хөтлөх «нарийн замаасаа» хэзээ ч гарахгүй байхаар шийддэг. Ирээдүйд та Еховагийн үнэнч үйлчлэгчдэдээ амласан агуу эрх чөлөөг эдэлнэ (Иак. 1:25; Мат. 7:13, 14).

17. Алдаж эндвэл цөхрөхгүй байх ёстойн учир юу вэ? Ехова яаж тусалдаг вэ?

17 Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй (Ном. 7:20). Алдлаа гэхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бүү бодоорой. Сэтгэлээр хэтэрхий их унах хэрэггүй шүү. Алдаагаа засахын төлөө бүхнийг хийгээрэй. Тухайлбал, ахлагчдаас тусламж авах хэрэг ч гарч болох юм. Иаковын бичсэнээр, тэдний «итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно» (Иак. 5:15). Бурхан үнэхээр өршөөнгүй сэтгэлтэйг хэзээ ч бүү мартаарай. Танд сайн юм байгаа учраас таныг татсан гэдгийг үргэлж санаж яваарай (Дуулал 103:8, 9-ийг уншина уу). Бүхий л зүрх сэтгэлээсээ үйлчилж байсан цагт Ехова таныг хэзээ ч орхихгүй (Ш.дээд 28:9).

18. Еховагаар хамгаалуулъя гэвэл яах ёстой вэ?

18 Есүс нас барахынхаа урьд шөнө 11 үнэнч элчтэйгээ хамт Еховад залбирахдаа «Тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна» хэмээн хэлснийг нь мартах аргагүй (Иох. 17:15). Тэрбээр элч нартаа санаа тавьж байсан шигээ өнөөдөр ч бүх дагалдагчдаа санаа тавьдаг. Тийм учраас, Ехова Есүсийн залбиралд хариулан, энэ хэцүү цагт биднийг хамгаална гэж итгэж болно. Ехова «үнэнч шударгаар явагчдын хувьд бамбай мөн. Тэр ... өөрийнхөө бурханлаг хүмүүсийн замыг сэргийлдэг» (Сур. 2:7, 8). Еховагийн тогтоосон хэм хэмжээг үргэлж сахих нь амаргүй ч үүнээс өөр аргаар мөнхийн амьтай, жинхэнэ эрх чөлөөтэй болж чадахгүй (Ром 8:21). Энэ замаас таныг хэн ч бүү гаргаг!

[Зүүлт]

^ Ехова Бурхан Давидад хаан ширээ залгамжлах «үрийн» тухай амлалтыг Абсаломыг төрснөөс хойш өгсөн. Тийм учраас, Абсалом Давидын дараа хаан болох хүн биш гэдгээ мэдэж байсан нь лавтай (2 Сам. 3:3; 7:12).

^ Жишээ нь, хайрын тухай Паулын бичсэн 1 Коринт 13:4–8; Еховагийн хуульд захирагдвал их ивээл хүртэх тухай өгүүлсэн Дуулал 19:7–11-ийг гэр бүлээрээ ярилцаж болно.

[Догол мөрийн асуулт]

[14-р хуудасны зураг]

Абсалом шиг хүмүүсийг хэрхэн таньж, өөрийгөө хамгаалах вэ?