Ёоханы бичсэн сайн мэдээ 17:1–26

  • Есүс элч нартайгаа сүүлчийн удаа залбирав (1-26)

    • Мөнх амьтай болохын тулд Бурхныг үргэлж таньж мэдэх (3)

    • Христийн дагалдагчид ертөнцийнх биш (14-16)

    • «Таны үг бол үнэн» (17)

    • «Таны нэрийг тэдэнд мэдүүлсэн» (26)

17  Энэ бүхнийг хэлээд Есүс тэнгэр өөд харж ийн залбирав. «Эцэг минь, цаг болжээ. Хүүгээ алдаршуулаач. Тэгвэл хүү тань таныг алдаршуулна.  Бүх хүнийг захирах эрхийг та хүүдээ өгсөн нь хүү тань таны өгсөн бүх хүнийг мөнх амьдруулахын тулд юм.  Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой.  Даалгасан ажлыг тань гүйцэтгэн таныг би дэлхий дээр алдаршуулсан.  Эцэг минь, хүн төрөлхтнийг бүтээхээс өмнө би таны дэргэд байхдаа алдар хүндтэй байсан. Одоо намайг тийм алдар хүндтэй болгооч.  Ертөнцийн дундаас надад өгсөн таны хүмүүст би нэрийг тань илчилсэн. Тэд таных байсан, та тэднийг надад өгсөн. Тэд таны үгийг дагасан.  Таны надад өгсөн бүх юм таных гэдгийг тэд одоо мэддэг болсон.  Яагаад гэвэл би таны хэлснийг тэдэнд хэлсэн. Тэд хүлээж аваад таны төлөөлөгч болж ирснийг минь баттай мэдсэн бөгөөд та намайг илгээсэнд итгэсэн.  Би тэдний төлөө залбирч байна. Ертөнцийн төлөө биш, харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө залбирч байна. Яагаад гэвэл тэд таных, 10  миний бүх юм таных, таных бас минийх. Би тэдний дунд алдаршсан. 11  Би тан руу очиж байна. Би ертөнцөд дахиж байхгүй, харин тэд ертөнцөд байна. Ариун Эцэг минь, бид эвтэй байдаг шиг тэднийг эвтэй байлгахын тулд надад өгсөн* өөрийнхөө нэрийн төлөө та тэднийг харж хандаач. 12  Би тэдэнтэй хамт байхдаа таны надад өгсөн нэрийн тань төлөө тэднийг харж хандсан, хамгаалсан. Судар биелэх ёстой учир сүйрлийн хүүгээс бусад нь үрэгдээгүй. 13  Одоо би тан руу очиж байна. Ертөнцөд байхдаа эдгээрийг хэлж байгаа минь миний эдэлдэг баяр баясгаланг тэд бүрэн дүүрэн эдлээсэй гэснийх юм. 14  Таны үгийг би тэдэнд өгсөн. Харин ертөнц тэднийг үзэн ядсан. Учир нь би ертөнцийнх бишийн адил тэд бас ертөнцийнх биш. 15  Тэднийг ертөнцөөс аваач гэж гуйж байгаа юм биш. Харин муу нэгнээс* хамгаалаач гэж гуйж байна. 16  Би ертөнцийнх бишийн адил тэд ертөнцийнх биш юм. 17  Үнэний дагуу тэднийг ариусгаач*. Таны үг бол үнэн. 18  Та намайг ертөнц рүү илгээсэн шиг би тэднийг ертөнц рүү илгээсэн. 19  Тэд үнэний дагуу ариусах ёстой учир тэдний төлөө би өөрийгөө ариун байлгадаг. 20  Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний зааж сургахыг сонсоод надад итгэх хүн бүрийн төлөө бас залбирч байна. 21  Энэ нь Эцэг та надтай, би тантай санаа нийлдэг шиг тэд бүгдээрээ эвтэй байгаасай, бидэнтэй санаа нийлээсэй гэснийх юм. Тэгвэл та намайг илгээсэн гэдэгт ертөнц итгэнэ. 22  Та намайг алдаршуулсны адил би тэднийг алдаршуулсан нь тэднийг та бид хоёр шиг эвтэй байгаасай гэснийх юм. 23  Би тэдэнтэй, та надтай санаа нийлдэг нь тэднийг жинхэнэ ёсоор эв нэгдэлтэй байлгахын тулд юм. Ийм байвал та намайг илгээснийг, намайг хайрласан шигээ тэднийг хайрласныг ертөнц мэднэ. 24  Эцэг минь, та ертөнцийн суурийг тавихаас* өмнө намайг хайрласан учир намайг алдаршуулсан. Намайг алдаршуулсныг тань харуулахын тулд өгсөн хүмүүсийг тань өөртэйгөө хамт байлгамаар байна. 25  Шударга Эцэг минь, ертөнц таныг мэддэггүй. Харин би таныг мэддэг, та намайг явуулсныг тэд мэддэг болсон. 26  Та намайг хайрласны адил тэд бусдыг хайрлаасай гэж, би тэдэнтэй эвтэй байх гэж таны нэрийг тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно».

Зүүлт

«Ехова бол Аврал» гэсэн утгатай «Есүс» гэдэг нэрийн тухай хэлсэн бололтой.
буюу Сатан
Эсвэл «тусгаар байлгаач»
Адам Ева хоёр үр хүүхэдтэй болохыг хэлсэн.