Skip to content

Гарчиг руу орох

Та бас одооноос бэлдэж болохгүй нь юу билээ

Дэлхий диваажин болох цаг ойртжээ!

Дэлхий диваажин болох цаг ойртжээ!

Бурхан дэлхийг зөв шударга хүмүүсийг мөнх амьдруулах зорилгоор бүтээжээ (Дуулал 37:29). Тэрбээр анхны хүмүүн хос Адам Ева хоёрыг Еден хэмээх үзэсгэлэнт цэцэрлэгт суулгаад, үр хүүхэд төрүүлж, дэлхийгээ арчилж тордон, бүхэлд нь диваажин болгох үүрэг өгчээ (Эхлэл 1:28; 2:15).

Өнөөгийн дэлхий ертөнцийн нөхцөл байдал Бурхны анх бодож төлөвлөж байснаас тэс ондоо байна. Гэхдээ Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүй. Тэгвэл Бурхан санаа зорилгоо яаж биелүүлэх вэ? Өмнөх өгүүллүүдээс үзсэнчлэн Бурхан дэлхийг устгахгүй. Харин ч өөрт нь үнэнч хүмүүсийг дэлхий дээр үүрд мөнх амьдруулах болно. Бурхны амлалт биелэх цагт дэлхий маань ямар болох вэ?

Нэг засгийн газар

Бурхны байгуулсан тэнгэрийн засгийн газар дэлхийг захирах үед дэлхий маань диваажин болж, хүмүүс эв нэгдэлтэй сайхан амьдарч, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ. Бурхан дэлхийн захирагчаар Есүс Христийг томилсон. Есүс өнөөгийн захирагчидтай харьцуулшгүй сайхан сэтгэлтэй, энэрэнгүй, шударга Хаан учраас ард иргэдийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулж, хайрын сэтгэлээр захирна (Исаиа 11:4).

Эв нэгдэлтэй ард түмэн

Диваажин дэлхийн ард иргэд овог аймаг, яс үндэс, угсаа гарлаараа талцан хуваагдахгүй (Илчлэл 7:9, 10). Бүгд Бурхнаа болон бие биеэ хайрлана. Тэд Бурхны анхны санаа зорилгыг биелүүлэхийн тулд эв найртай хамтран ажиллаж, дэлхийгээ диваажин болгоно (Дуулал 115:16).

Тэнцвэртэй байгаль орчин

Бурхны Хаант төр дэлхийг захирахад байгалийн гамшиг дахиж хэзээ ч болохгүй (Дуулал 24:1, 2). Есүс дэлхийд байхдаа догшин шуургыг нүд ирмэхийн зуур намжааж, Бурхны хүчээр юу хийж чадахаа харуулсан (Марк 4:39, 41). Христийг засаглах үед байгалийн гамшгаас хэн ч айх хэрэггүй болно. Бас хүмүүс байгаль орчноо бохирдуулахгүй, зэрлэг араатан амьтан хүмүүст аюул учруулахгүй (Хосеа 2:18).

Төгс эрүүл мэнд ба элбэг дэлбэг хоол хүнс

Бүх хүн төгс эрүүл болж жаргалтай амьдарна. Хэн ч өвдөхгүй, хөгшрөхгүй, үхэхгүй (Исаиа 35:5, 6). Хүмүүс анхны хүмүүн хосын амьдарч байсан Еден цэцэрлэгтэй адил үзэсгэлэнтэй, эрүүл орчинд амьдарна. Тэр үед газар яг Еден цэцэрлэгийнх шиг үржил шимтэй болж тариа будаа, жимс ногоо элбэг дэлбэгээр ургана (Эхлэл 2:9). Мөн Бурхны эртний ард түмэн израйлчуудын адил, «хүнсээ цадтал иднэ» (Левит 26:4, 5).

Жинхэнэ амар тайван, аюулгүй байдал

Бурхан дэлхийг захирах үед бүх хүн бие биедээ сайхан сэтгэлээр хандаж, ялгаварлан гадуурхахгүй амар амгалан амьдарна. Мөн дайн дажин гарахгүй, хэн ч эрх мэдлээ урвуулан ашиглахгүй, бүх хүний үндсэн хэрэгцээ хангагдана. Библид «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» гэсэн Бурхны амлалт байдаг (Мика 4:3, 4).

Тохь тухтай гэр орон, сайхан ажил

Гэр оронгүй болохын зовлонг хэн ч үзэхгүй. Хүн бүр хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Библид бичсэнчлэн Бурхны засаглал дор бид «дэмий хоосон ажиллахгүй» (Исаиа 65:21–23).

Хамгийн сайн боловсрол

Библид «дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» гэж байдаг (Исаиа 11:9). Бурхны Хаант төрийн захиргаанд амьдрах хүмүүс Бүтээгч Еховагийнхаа цаглашгүй мэргэн ухаан болон үзэсгэлэнтэй бүтээлээс нь ихийг суралцана. Хэн ч мэдлэгээ зэр зэвсэг үйлдвэрлэхэд юм уу, бусдыг хорлох зорилгоор ашиглахгүй (Исаиа 2:4). Хэрхэн эв найртай амьдарч, газар дэлхийгээ арчлахыг сурна (Дуулал 37:11).

Мөнхийн амь

Бурхан хүмүүс биднийг үүрд мөнхөд жаргалтай амьдраасай гэсэндээ газар дэлхийг сайхан сэтгэлээр бүтээсэн (Дуулал 37:29; Исаиа 45:18). Энэ зорилгоо биелүүлэхийн тулд Бурхан «үхлийг мөнхөд залгина» (Исаиа 25:8). «Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» гэсэн амлалт Библид байдаг (Илчлэл 21:4). Тэрбээр хорон муу нийгмийг устгахдаа шударга сайн хүмүүсийг аварна. Мөн шинэ нийгэмд тоо томшгүй олон хүнийг амилуулж, бүх хүнд мөнх амьдрах боломжийг олгоно (Ёохан 5:28, 29; Үйлс 24:15).

Удахгүй ирэх шинэ ертөнцөд амьдрахын тулд олон сая хүн бэлтгэлээ базааж байна. Тэд төгс бус ч гэлээ Бурхан ямар хүмүүсийг шинэ ертөнцөд амьдруулахыг мэдэж аваад, тийм хүн болохыг хичээж байна. Ингэхийн тулд Ехова Бурхан болон түүний илгээсэн Есүс Христийн тухай мэдэж авч байна (Ёохан 17:3).

Та бас өнөөгийн муу нийгмийн төгсгөлийг эсэн мэнд давж, удахгүй байгуулагдах сайхан нийгэмд амьдрахын тулд яах хэрэгтэйг мэдмээр байна уу? Библийн тухай сонирхолтой яриа өрнүүлэхэд зориулсан «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор Библийн хичээл үнэ төлбөргүй заалгаарай. Еховагийн Гэрчүүд танд дуртайяа тусална.