Skip to content

Гарчиг руу орох

Хоцрогдсон уу эсвэл түрүүлж алхдаг уу?

Хоцрогдсон уу эсвэл түрүүлж алхдаг уу?

ШИНЖЛЭХ УХААН

БИБЛИ ШИНЖЛЭХ УХААНЫ НОМ БИШ БОЛОВЧ ШИНЖЛЭХ УХААНЫ НЭЭЛТТЭЙ ТОХИРДОГ. ХЭДЭН ЖИШЭЭ ДУРДЪЯ.

Орчлонт ертөнцөд эхлэл бий юү?

Байхгүй гэдэгт шилдэг эрдэмтэд бат итгэлтэй байв. Харин одоо орчлонт ертөнцөд эхлэл байдаг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Библид энэ тухай тов тодорхой бичсэн байдаг (Эхлэл 1:1).

Дэлхий ямар хэлбэртэй вэ?

Эрт цагт олон хүн дэлхийг хавтгай гэж итгэдэг байжээ. МЭӨ V зуунд Грекийн эрдэмтэд дэлхийг бөмбөрцөг гэж хэлж байжээ. Гэхдээ түүнээс бүр өмнө буюу МЭӨ VIII зуунд Библийг бичигчдийн нэг Исаиа «дэлхийн тойрог» гэж бичсэн байдаг. Энэ үг бас «бөмбөрцөг» гэсэн утга илэрхийлдэг (Исаиа 40:22).

Тэнгэр огторгуй цагийн аясаар устаж үгүй болох уу?

МЭӨ IV зууны грекийн эрдэмтэн Аристотель, зөвхөн дэлхий дээр байдаг зүйл устаж үгүй болохоос биш, тэнгэрийн эрхэс хэзээ ч устаж үгүй болохгүй гэж зааж сургаж байсан. Олон зууны турш хүмүүс ийм үзэл бодолтой байсан. Гэтэл XIX зуунд эрдэмтэд эмх замбараагүй байдлын тухай үзэл санаа гаргаж ирсэн. Тэднийхээр бол дэлхий болон тэнгэрт байгаа бүхэн устах хандлагатай ажээ. Энэ үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн нэг нь Уильям Томсон (Лорд Кельвин) юм. Тэрээр дэлхий, тэнгэр огторгуйн тухай «хувцас шиг ... тэд ч солигдоно» гэж Библид бичсэнийг цохон тэмдэглэжээ (Дуулал 102:25, 26). Харин тэрээр Библид заасан ёсоор, Бурхан бүтээлээ устахаас хамгаалж чадна гэдэгт итгэдэг байв (Номлогчийн үгс 1:4).

Дэлхий юүн дээр тогтдог вэ?

Аристотель тэнгэрийн бүх эрхэс шилэн бүрхүүлүүд дотор, нэг нь нөгөөгийнхөө дотор бие биетэйгээ нягт холбоотой байдаг бөгөөд, тэдгээрийн цөм нь дэлхий хэмээн зааж сургаж байв. МЭ XVIII зуун гэхэд эрдэмтэд од гаргууд юүн дээр ч тогтдоггүй гэсэн санааг хүлээн зөвшөөрөх болжээ. Гэтэл МЭӨ XV зуунд «Иов» номонд Бүтээгч «хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг» гэж бичсэн байжээ (Иов 26:7).

АНАГААХ УХААН

БИБЛИ АНАГААХ УХААНЫ НОМ БИШ БОЛОВЧ АНАГААХ УХААНЫ ШАЛГАРСАН АРГА БАРИЛЫН ТУХАЙ БИЧСЭН БАЙДАГ.

Өвчтэй хүнийг тусгаарлах.

Мосегийн хуулиар, уяман өвчтэй хүнийг тусгаарладаг байсан. Энэ зарчмыг эмч нар дундад зууны үед тахал гарахад л хэрэгжүүлэх болжээ. Тухайн үедээ энэ аргыг үр дүнтэй гэж үздэггүй байсан (Левит 13, 14-р бүлэг).

Цогцост хүрчихээд гараа угаах.

XIX зууны сүүл хүртэл, эмч нар хүний цогцсыг задлан шинжилснийхээ дараа, гараа угаалгүй өвчтөнд үзлэг хийдэг байв. Үүнээс болоод олон хүн нас баржээ. Үхсэн хүний биед хүрсэн хүн бузартсан гэж Мосегийн хуульд заадаг байсан. Тиймээс угаал үйлдэх ёстой байжээ. Шашны эдгээр зан заншил нь эрүүл аж төрөхөд тустай байсан (Тооллого 19:11, 19).

Ялгадсыг булах.

Ялгадсыг ил задгай хаяснаас болж жил бүр хэдэн зуун мянган хүүхэд суулга өвчнөөр нас барж байна. Хүн амьдардаг газраас хол бие засаж, ялгадсаа булах ёстой гэж Мосегийн хуульд заасан байв (Дэд хууль 23:13).

Хөвч таслах үе.

Эрэгтэй хүүхдийг найм хоногтойд нь хөвчийг нь таслах тухай Бурхны хуульд заасан байдаг (Левит 12:3). Төрснөөс хойш долоо хоноход нярай хүүхдийн цус бүлэгнэх үйл явц тогтворждог байна. Тиймээс найм хоногтой хүүхдийн хөвчийг тасална гэдэг анагаах ухаан хөгжөөгүй тухайн үедээ аюулгүй байсан.

Бие, сэтгэлийн эрүүл мэнд.

Аливаад баярлах, итгэж найдах, талархах, уучлахад бэлэн байх зэрэг нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж эмч мэргэжилтнүүд ярьдаг. Библид «Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Шаналсан сэтгэл хүчийг бардаг» гэж бичжээ (Сургаалт үгс 17:22, ШЕ).