Skip to content

Гарчиг руу орох

Библийн зөвлөгөө хэзээ ч хуучирдаггүй

Библийн зөвлөгөө хэзээ ч хуучирдаггүй

ДАРААХЫГ ТӨСӨӨЛ ДӨӨ: Та эртний уран баримлын музей үзэж байна. Үзмэрүүдийн ихэнх нь хагарч цуурсан, элэгдэж хуучирсан байх юм. Бүр заримынх юү гэдэг нь мэдэгдэхээргүй болтлоо гэмтжээ. Гэтэл нэг бүтээл бусдыгаа бодвол бүрэн бүтэн байв. Хэсэг болгон нь маш нарийн ажиллагаатай ажээ. Та: «Энэ хамгийн сүүлд олдсон эд үү?» гэж хөтчөөс асуулаа. «Үгүй, хамгийн эртнийх нь. Ерөөсөө засаж янзалж байгаагүй» гэж хөтөч хариулав. «Элэгдлээс хамгаалж байсан уу?» гэж таныг асуухад хөтөч: «Үгүй ээ, энэ бороо салхинд хамгийн их өртсөн нь. Танхай этгээдүүд ч эвдэж хэмхлэхийг оролдож байсан» гэлээ. «Юугаар хийсэн болохоор ийм байдаг байна аа?» гэж та гайхан бодох биз ээ.

Библи нэг ёсондоо энэ барималтай адилхан. Библи бол маш эртний ном. Өөр олон эртний ном байдаг л даа. Цуурч эвдэрсэн бусад баримал шиг ихэнх ном цагийн аясаар хуучирч муудсан. Нээлт ололттой холбоотой баримт нь ч орчин үеийн шинэ мэдээ баримттай тохирдоггүй. Анагаах ухааны талаарх заавар зөвлөгөө нь ч ач тустай гэхээсээ аюултай байх нь бий. Анх байснаасаа шал өөр, юу ч үгүй өөдөс төдий болсон, ихэнх хэсэг нь устаж үгүй болсон ном судар олон байдаг.

Тэгвэл Библийн тухай юү хэлж болох вэ? Эхний хэсэг нь 3500 гаруй жилийн тэртээ бичигдсэн. Олон зууны турш нийтэд тараахыг хориглох, шатаах, шүүмжлэх зэрэг дайралтад өртсөн ч анх бичигдсэн тэр л янзаараа байгаа. Бас шинэ нээлтүүд гарч ирсэн ч бичигдсэн зүйл нь хуучраагүй. Бүр хүмүүсийн нээн илрүүлж амжаагүй байсан зүйлийг Библид аль хэдийн бичсэн байжээ Хоцрогдсон уу эсвэл түрүүлж алхдаг уу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

ӨНӨӨ ҮЕД ХЭРЭГТЭЙ ЗАРЧИМ

«Библийн зөвлөгөө өнөөгийн бидэнд үнэхээр хэрэгтэй юү?» гэж та бодож болох юм. Тэгвэл «Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлаас хамгийн аюултай нь юү вэ?» гэсэн асуултад та юү гэж хариулах вэ? Дайн, агаарын бохирдол, гэмт хэрэг, авлига зэргийг дурдах байх. Библид байдаг дараах хэдэн зарчмыг уншаад «Хэрэв хүн болгон эдгээр зарчмыг баримталж амьдарвал энэ дэлхий маань ямар байх бол?» гэж бодож үзээрэй.

ЭЕ ЭВИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ

«Эв эеийг сахидаг хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхны хүү гэгдэнэ» (Матай 5:9). «Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай» (Ром 12:18).

УУЧИЛЖ ӨРШӨӨХ НЬ

«Өршөөнгүй хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг өршөөнө» (Матай 5:7). «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова * та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» (Колосай 3:13).

ХҮНИЙГ ЯС ҮНДСЭЭР НЬ ГАДУУРХАХГҮЙ БАЙХ НЬ

Бурхан «дэлхий дээр амьдруулахаар нэг хүнээс бүх үндэстнийг бий болгож, цаг хугацааг товлож, нутаглах газрын хязгаарыг тогтоосон» (Үйлс 17:26). «Бурхан хэнийг ч алаг үздэггүй. Харин ямар ч үндэстэн өөрөөс нь эмээдэг, зөв юм хийдэг бол таалдаг» (Үйлс 10:34, 35).

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ НЬ

«Бурхан хүнийг аваад, Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав» (Эхлэл 2:15). Бурхан «дэлхийг устгагчдыг устга[на]» (Илчлэл 11:18).

ШУНАЛ, САДАР САМУУН ЯВДЛЫГ ЖИГШИХ НЬ

«Шунахай байхаас болгоомжил. Учир нь хүн баян чинээлэг байлаа ч амь нас нь эд баялгаас нь шалтгаалдаггүй» (Лук 12:15). «Ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шуналын талаар та нар дурсах ч учиргүй» (Эфэс 5:3).

ШУДАРГА, АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙХ НЬ

«Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18). «Хулгайч хүн цаашид хулгай бүү хий. Гачигдаж дутагдсан хүнд өгөх юмтай байхын тулд шударга хөдөлмөрлөж, ажилч хичээнгүй бай» (Эфэс 4:28).

ГАЧИГДАЖ БУЙ ХҮМҮҮСТ ТУСЛАХ НЬ

«Гутарсан хүмүүсийг тайвшруулж, сул дорой хүмүүст тусалж, бүх хүнд тэвчээртэй ханд» (1 Тесалоник 5:14). «Зовж зүдэрч байгаа өнчин, бэлэвсэн хүмүүсийг харж ханд» (Яаков 1:27).

Библи эдгээр зарчмыг дурдаад зогсохгүй, үнэ цэнг нь ойлгуулж, амьдралдаа хэрэгжүүлэх арга замыг зааж өгдөг. Эдгээр зарчмыг аль болох олон хүн хэрэгжүүлбэл дэлхий дахины тулгамдсан асуудлууд бага ч гэсэн шийдэгдэхгүй гэж үү? Тийм ээ, Библийн зарчим өнөөгийн бидэнд хамгийн их хэрэгтэй! Библийн зөвлөгөөг хэрэгжүүлснээр та ямар ач тус хүртэх вэ?

БИБЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ОДОО Ч ТУСТАЙ

«Мэргэн ухаантай нь үйлсээс нь харагддаг» гэж нэгэн ухаантай хүн хэлжээ (Матай 11:19). Та энэ үгтэй санал нийлэх үү? Ямар нэгэн зөвлөгөөг ажил хэрэг болгож байж л зөв зүйтэйг нь мэддэг. Гэхдээ танд «Библийн зөвлөгөө ач тустай бол үр дүн нь илэрхий харагдах уу? Яг одоо тулгараад байгаа бэрхшээлээ шийдэхэд Библи надад үнэхээр тус болох уу?» гэж бодогдож болох юм. Ач тустайг харуулсан жишээ авъя.

София * гэдэг эмэгтэй ажилтай, гэр бүлтэй, сайхан амьдарч байв. Гэтэл гэнэт гай зовлон ар араасаа гарч, өсвөр насны охин нь нас барж, нөхөр нь хаяад явчихав. Бас орлогын эх үүсвэргүй болжээ. Тэрээр: «Хүүхэд ч үгүй, нөхөр ч үгүй, гэр орон ч үгүй, юу ч үгүй хоцорсон. Хэн ч биш юм шиг санагдсан. Ямар ч урам зориггүй болсон. Амьдрал утгагүй санагдсан» хэмээн дурссан юм.

«Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм. Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил, гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог» гэдэг үгийн үнэнийг София биеэрээ амсжээ (Дуулал 90:10).

Энэ хэцүү үедээ София Библи судалж эхэлжээ. Үр дүн нь үнэхээр гайхалтай байв. Өөр олон хүн Библийн зөвлөгөөг хэрэгжүүлээд ач тус хүртсэн тухай дараагийн гурван өгүүллээр үзнэ. Хуучраад хэрэглээнээс гардаг номнуудаас Библи тэс өөр болохыг тэд ойлгожээ. Бусад номыг бодвол тэсвэртэй материалаар хийсэн учраас тэр үү? Библид үнэхээр хүний биш, Бурхны санаа бодлыг бичсэн үү? (1 Тесалоник 2:13).

Хүний амьдрал богинохон, бэрхшээл зовлонгоор дүүрэн гэж танд санагддаг уу? Дааж давшгүй зовлон тохиолдоход та хаанаас гарах зам хайдаг вэ?

Библи танд ямар гурван талын ач тустайг авч үзье. Библи

  1. асуудлаас аль болох хол байхад

  2. бэрхшээлийг даван туулахад

  3. өөрчилж чадахгүй нөхцөл байдлыг тэвчихэд тусалдаг.

Эдгээрийг дараа дараагийн өгүүллээс мэдэж аваарай.

^ д/м 10 Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг (Дуулал 83:18).

^ д/м 24 Энэ болон дараах гурван өгүүлэлд гарч байгаа зарим нэрийг өөрчлөв.