Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?

Яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?

 Гадаад хэл сурах нь хувийн сахилга бат сайтай, даруу зантай эсэхийн шалгуур болдог. Гадаад хэл сурахын тулд хичээж мэрийх нь ашиг тустай юу? Тийм гэж үеийнхэн чинь хэлнэ. Тэд яагаад гадаад хэл сурдгийг энэ өгүүллээр мэдэж аваарай.

 Яагаад сурдаг вэ?

 Гадаад хэлийг сургууль дээр нь үздэг учраас сурдаг хүүхэд олон. Хувийн шалтгаанаар сурдаг хүүхдүүд ч бий. Жишээ авъя.

  •   Австралид амьдардаг Анна гэдэг охин ээжийнхээ төрөлх хэл латви хэлийг сурахаар шийджээ. Анна: «Манай гэр бүл Латвид очихоор болсон. Би тэнд байдаг хамаатнуудтайгаа яримаар байсан юм» гэжээ.

  •   Жина Еховагийн Гэрч бөгөөд АНУ-д амьдардаг байв. Тэрээр америк дохионы хэл сураад хүмүүст Библийн үнэнийг мэдүүлэхээр Белизе рүү нүүжээ. Жина: «Сонсголгүй хүмүүстэй ярьж чаддаг хүмүүс тийм ч олон биш байдаг. Намайг Библийн үнэнийг мэдүүлэхийн тулд америк дохионы хэл сурсан гэхээр хүмүүс маш их баярладаг» гэж ярьсан юм.

 Чамд сонирхуулахад: Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэнд» тунхаглагдана гэж Библид зөгнөсөн байдаг (Илчлэл 14:6). Энэ зөгнөлийг биелэхэд Еховагийн Гэрч охид хөвгүүд хувь нэмрээ оруулж гадаад хэл суран нутагтаа эсвэл өөр улсад үйлчилж байна.

 Ямар бэрхшээл тулгардаг вэ?

 Гадаад хэл сурах амаргүй. Коррина гэдэг охин: «Би хэл сурахыг шинэ үг цээжлэх л гэж ойлгодог байсан. Гэтэл шинэ хэл сурна гэдэг нь шинэ соёл сурч, шинэ аргаар бодож сэтгэх хэрэгтэй болдог юм билээ. Гадаад хэл сурахад хугацаа хэрэгтэй» гэж ярьсан юм.

 Бас даруу зан чухал. Испани хэл сурсан Жеймс: «Хэл сурахад алдаа их гаргадаг болохоор өөрийгөө шоолоод инээж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хэл сурахад зайлшгүй хэрэгтэй» гэжээ.

 Хамгийн гол нь: Хэрэв чи саад бэрхшээлийг давж, ичмээр алдаа гаргасан ч мартаад урагшилж чадвал гадаад хэлийг илүү сайн сурна.

 Зөвлөгөө: Бусад хүн чамаас хурдан сурвал шантрах хэрэггүй. «Хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» гэж Библид байдаг шүү дээ (Галат 6:4).

 Ямар ашигтай вэ?

 Гадаад хэл сурах нь олон талын ашигтай. Жишээ нь Оливиа гэдэг охин: «Чи хэл сурвал илүү нээлттэй болж шинэ найзуудтай болно» гэж ярьжээ.

 Гадаад хэл сурвал өөртөө улам итгэлтэй болдгийг Мээри гэдэг охин анзаарчээ. Тэрээр: «Би юу ч хийсэн өөрийгөө үнэлж чаддаггүй байв. Харин одоо гадаад хэл сураад шинэ үг цээжилчихээд бөөн баяр болдог. Сурах тусам өөртөө итгэлтэй болсон» гэжээ.

 Дээр дурдсан Жина дохионы хэлээр хүмүүст Библийн тухай яриад дэлгэрүүлэх ажилд бүр ч дуртай болсон гэнэ. «Эх хэлээр нь ярихаар хүмүүс ямар их баярладаг гээч! Үүнийг харах үнэхээр гоё!» гэж Жина ярьсан юм.

 Хамгийн гол нь: Гадаад хэл сурвал найзуудынхаа хүрээг тэлж, өөртөө итгэлтэй болж, дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрдэг. Гадаад хэл сурч байж л «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэнд» сайн мэдээ тунхаглана шүү дээ (Илчлэл 7:9).