Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Би хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?

Би хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?

 Чи хэр сэтгэлийн тэнхээтэй вэ? Чамд дараах зүйл тохиолдож байсан уу?

  •   хайртай хүнээ үхэлд алдах

  •   удаан хугацаагаар өвдөх

  •   байгалийн гамшигт нэрвэгдэх

 Том гэлтгүй, жижиг асуудлаас ч болж хүн сэтгэлээр унадаг. Сэтгэлээр унах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж мэргэжилтнүүд үздэг. Иймээс ямар ч үед сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал.

 Сэтгэлийн тэнхээ гэж юу вэ?

 Сэтгэлийн тэнхээ гэдэг нь зовлонг хатамжлан давах чадварыг хэлнэ. Гэхдээ сэтгэлийн тэнхээтэй хүн сэтгэлээр огт унадаггүй гэсэн үг биш. Унасан ч бэрхшээлээ давж гараад улам хаттай болдог.

Мод хүчтэй шуурганд бөхийдөг ч шуурга намжихад буцаад тэгширдэг. Үүнтэй адил, чи эргээд босож чадна

 Яагаад чухал вэ?

  •   Зовлон хэнийг ч тойрохгүй. Библид: «Хурдан гээд уралддаг юм биш, ... ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л [«санамсаргүй тохиолдол», ШЕ] тэр бүгдэд хамаатай» гэж байдаг (Номлогчийн үгс 9:11). Энэ юу гэсэн үг вэ? Ямар ч буруу юм хийгээгүй, сайн хүн ч зовлон амсдаг.

  •   Сэтгэцийн өвчин тусах магадлал багасна. Ахлах сургуулийн нэг сэтгэл зүйч: «Шалгалтдаа дунд авсан, эсвэл хэн нэгэн өөрийнх нь талаар олон нийтийн сүлжээнд таагүй зүйл бичсэнээс болоод л галзууртлаа уурлачихсан, сэтгэлээр навс уначихсан хүүхдүүд манай өрөөнд өмнөхөөсөө их ирдэг болсон» гэж хэлжээ. Тэрбээр шалихгүй гэмээр иймэрхүү асуудалд сэтгэлээ барьж чаддаггүй хүүхдүүд «сэтгэцийн янз бүрийн эмгэгтэй болох» магадлалтай хэмээсэн. a

  •   Одоо ч, насанд хүрсний дараа ч хэрэгтэй. Доктор Ричард Лернер: «Амжилт гаргаж ихийг хийж бүтээе гэвэл сэтгэлээр унасан ч эргээд босож чаддаг, санасандаа хүрэхийн тулд шинэ зорилго тавих юм уу өөр арга зам хайдаг байх хэрэгтэй» гэж хэлжээ. b

 Яаж сэтгэлийн тэнхээтэй болох вэ?

  •   Хэр ноцтой асуудал болохыг бод. Тухайн асуудал ноцтой юу, үгүй юу гэдгийг ялгаж салгаж сураарай. Библид «Мунхгийн уцаар тэр дороо мэдэгдэнэ. Харин хэрсүү нэгэн доромжлолыг өнгөрөөнө» гэж байдаг (Сургаалт үгс 12:16). Юм болгоныг хүндээр тусгаж авах хэрэггүй.

     «Сургууль дээр хүүхдүүд шалихгүй юманд сүр бадруулж гоншгонодог. Дараа нь үүнийгээ олон нийтийн сүлжээнд дэлгэж, найзууд нь гал дээр тос нэмнэ. Ингээд тэд бүр их бухимдаж, асуудлыг байгаагаар нь дүгнэж чадахаа больдог»—Жоанн

  •   Бусдаас суралц. Библид «Төмөр төмрийг ирлэдэг. Тийнхүү хүн хүнээ хурцалдаг» гэж бий (Сургаалт үгс 27:17). Сорилтыг даван гарсан хүмүүсээс суралцаарай.

     «Хүмүүстэй ярилцахлаар олон бэрхшээл туулсныг нь мэдэж авдаг. Гэхдээ тэр бүхнээ даваад дажгүй л явж байдаг. Тийм болохоор тэр үед яасан, бас яагаагүйг нь сонирхоорой»—Жулиа.

  •   Тэвчээртэй бай. Библид «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» гэж байдаг (Сургаалт үгс 24:16). Хэцүү юм болоход нөхцөл байдалтайгаа шууд эвлэрэх амаргүй. Үе үе сэтгэлээр унах нь зайлшгүй. Гэхдээ хамгийн гол нь «сэхэх» нь чухал шүү.

     «Таагүй явдал тохиолдсоны дараа сэтгэлийн шархаа эдгээх хэрэгтэй. Ингэхэд хугацаа шаардлагатай. Аажимдаа бага багаар илааршдагийг би өөрийн биеэр мэдэрсэн»—Андреа.

  •   Талархаж бай. Библид «Үргэлж талархаж бай» гэж бий (Колосай 3:15). Хэчнээн хэцүү асуудалтай тулгарсан ч талархах шалтгаан үргэлж байдаг. Амьдралд чинь өнгө нэмдэг ядаж гурван зүйлийг бодоорой.

     «Зовлон бэрхшээл тулгарахад хүн өөрийн эрхгүй “Яахлаараа заавал надад ийм юм тохиолддог байна аа?” гэж асуудаг. Зөвхөн асуудлаа бодоод байвал сэтгэлээр улам унана. Харин өвдөг сөхрөхгүйн тулд асуудлыг зориуд эерэг талаас нь харж, байгаа юмаа үнэлж, хийж чадах зүйлтэйдээ баярлаарай»—Саманта.

  •   Өөдрөг байхыг хичээ. Элч Паул «Би ямар ч үед сэтгэл хангалуун байж сурсан» гэж хэлжээ (Филиппой 4:11). Паул зовлон бэрхшээлээс ангид байх боломжгүй ч асуудалд яаж хандахаа өөрөө сонгох боломжтой байсан. Тиймээс өөдрөг байхыг сонгосон.

     «Асуудал тулгарахад эхэндээ эерэгээр хүлээж авдаггүйгээ би мэдсэн. Тиймээс ямар ч үед өөдрөг байхыг хичээж байгаа. Ингэх нь надад төдийгүй эргэн тойрныхонд маань ч сайн»—Мэтью.

  •   Залбир. Библид «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж байдаг (Дуулал 55:22). Залбирал бол сэтгэл засах л арга юм биш. Чамд «санаа тавьдаг» Бүтээгчтэйгээ ярилцах боломж (1 Петр 5:7).

     «Надад ганцаараа шаналах хэрэг байхгүй. Би Бурханд сэтгэлээ уудалж, асуудлаа ний нуугүй хэлж, ивээсэнд нь талархдаг. Ингэж хүртсэн ивээлээ анхаарахлаар таагүй бодол замхран арилдаг. Залбирах ёстой чухал»—Карлос.

a Томас Керстингийн «Disconnected» номоос эш татав.

b «The Good Teen—Rescuing Adolescence From the Myths of the Storm and Stress Years» номоос эш татав.