Skip to content

Бурхан хэдэн нэртэй вэ?

Бурхан хэдэн нэртэй вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Бурхан цорын ганц оноосон нэртэй. Бурхны нэрийг еврейгээр יהוה гэдэг. Монголоор Ехова гэж буулгадаг. a Энэ нэр Библийн эртний гар бичмэлүүдэд 7000 гаруй удаа гардаг бөгөөд энэ нь Библид гардаг Бурхны цолууд болон бусад хүний нэрээс хавьгүй олон гэсэн үг юм. b

Еховад өөр нэр байдаг уу?

 Библид Бурхныг нэг л оноосон нэрээр дурддаг хэдий ч Түүнийг илэрхийлэх үг болон цол олон бий. Дараах цолууд нь Еховагийн мөн чанар болон зан төлөвийг илэрхийлдэг.

Цол

Библийн зүйл

Тайлбар

Аврагч

Исаиа 45:21

Аюул, сүйрлээс авардаг.

Аллах

(Байхгүй)

«Аллах» гэдэг үг нь оноосон нэр биш бөгөөд «Бурхан» гэсэн утгатай араб үг юм. Араб болон зарим хэлээр гарсан Библид «Бурхан» гэдэг үгийг «Аллах» гэж орчуулсан байдаг.

Альфа ба Омега

Илчлэл 1:8; 21:6; 22:13

«Эхэн ба эцэс», «Эхлэл ба төгсгөл» гэсэн утгатай энэ үг Еховагаас өмнө Төгс хүчит Бурхан байгаагүй бөгөөд цаашдаа ч байхгүй гэдгийг илэрхийлдэг (Исаиа 43:10). Альфа, омега нь грек цагаан толгойн эхний болон сүүлийн үсэг юм.

Ариун Нэгэн

Сургаалт үгс 9:10

Ёс суртахууны хувьд хэнтэй ч харьцуулшгүй цэвэр ариун.

Би байдаг

Египетээс гарсан нь 3:14

Зорилгоо биелүүлэхийн тулд юу ч болж чаддаг. Ж. Ротерхамын орчуулгад «Би юу л болмоор байна, тийм юм болно» гэж бичжээ. Энэ тайлбар Еховагийн оноосон нэрийн утгыг сайн ойлгоход тусалдаг.

Бурхан

Эхлэл 1:1

Шүтүүлэх зохистой, хүчирхэг Нэгэн. Энэ үгийг еврейгээр «Елохим» гэдэг бөгөөд олон тоон дээр байдаг нь Еховаг хамгийн дээд эрх мэдэлтэй, алдар хүндтэй, хамгийн агуу гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

Бурхдын Бурхан

Дэд хууль 10:17

Хамгийн дээд Бурхан. Хүний гарын бүтээл биш (Исаиа 2:8).

Бүтээгч

Исаиа 40:28

Бүх зүйлийг бий болгосон.

Ваарчин

Исаиа 64:8

Ваарчин шавраа хүссэн хэлбэртээ оруулдаг шиг ард түмнийг бүхэлд нь эсвэл хүн нэг бүрийг захирах эрх мэдэлтэй (Ром 9:20, 21).

Дээдийн Дээд Нэгэн

Даниел 7:18, 27

Хамгийн дээд эрх мэдэлтэй.

Жаргалтай Бурхан

1 Тимот 1:11

Баяр хөөртэй, жаргалтай Бурхан (Дуулал 104:31).

Залбирлыг сонсдог Нэгэн

Дуулал 65:2

Өөрт нь итгэгч хүн нэг бүрийн залбирлыг сонсдог.

Золигч

Исаиа 41:14

Есүс Христийн золиосонд үндэслэн хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлсөн (Ёохан 3:16).

Их Багш

Исаиа 30:20, 21 (АБН, 2015)

Зааж сургадаг, ач тустай удирдлага заавар өгдөг (Исаиа 48:17, 18).

Мөнхийн хаан

Илчлэл 15:3

Засаглал нь эхлэл төгсгөлгүй.

Төгс хүчит Нэгэн

Эхлэл 17:1

Дийлдэшгүй хүчтэй. Еврейгээр «Эл Шаддаи» буюу «Төгс хүчит Бурхан» гэсэн утгатай энэхүү цол Библид 7 удаа гардаг.

Түмэн цэргийн Эзэн

Исаиа 1:9

Үй түмэн тэнгэрийн элчийн захирагч. Тэнгэрийн цэргийн жанжин ч гэдэг (Ром 9:29).

Хад

Дуулал 18:2, 46

Хоргодох газар, авралын эх булаг.

Хамгийн Дээд

Дуулал 47:2

Хамгийн дээд байр суурьтай.

Хардагч

Египетээс гарсан нь 34:14

Зөвхөн өөрийг нь шүтэх ёстой гэж үздэг. Энэ цолыг өөрөөр «Өөрөөс нь өөр хэнийг ч, юуг ч шүтэхийг таалдаггүй», «Чин үнэнч байхыг шаарддаг» гэж орчуулсан байдаг («God’s Word Bible», «Шинэ ертөнц орчуулга»).

Хоньчин

Дуулал 23:1

Өөрийг нь шүтдэг хүмүүст санаа тавьдаг.

Хэмжээгүй эрхт Эзэн

Эхлэл 15:2

Хамгийн дээд эрх мэдэлтэй. Еврейгээр «Адонаи».

Эзэн

Дуулал 135:5

Эзэмшигч, захирагч. Еврейгээр «Адон», «Адоним».

Эртний Нэгэн

Даниел 7:9, 13, 22

Эхлэлгүй. Бүхнийг бүтээхээсээ өмнө мөнхөд оршсоор ирсэн (Дуулал 90:2).

Эцэг

Матай 6:9

Амь өгөгч.

Еврей сударт гардаг газрын нэрс

 Библид гардаг зарим газрын нэрд Бурхны оноосон нэр багтсан байдаг. Гэхдээ эдгээр нэрс нь Бурхны нэрийг орлохгүй.

Газрын нэр

Библийн зүйл

Тайлбар

Ехова-Нисси

Египетээс гарсан нь 17:15 «The Revised Mongolian Old Testament» (1840 BFBS)

Ехова бол «миний туг», тэмдэгт шон. Ехова бол өөр лүү нь ирсэн хүмүүсийг хамгаалалтдаа авч, тусалдаг Бурхан (Египетээс гарсан нь 17:13–16).

Ехова-Шалум

Шүүгчид 6:23, 24 «The Revised Mongolian Old Testament» (1840 BFBS)

Ехова бол «Амар тайван».

Ехова-Яир-Эв

Эхлэл 22:13, 14 «The Revised Mongolian Old Testament» (1840 BFBS)

Ехова «хангана».

Бурхны нэрийг таньж мэдэн, нэрээр нь дуудах нь яагаад чухал вэ?

  •   Бурхан нэрээ Библид олон мянган удаа бичүүлснээс нэрээрээ дуудуулахыг хүсдэг нь харагдаж байна (Малахи 1:11).

  •   Бурхны хүү Есүс Бурхныг нэрээр нь дуудахыг дахин дахин онцолдог байсан. Жишээ нь тэрбээр Еховад хандан «Таны нэр ариусаасай» гэж залбирч байв (Матай 6:9; Ёохан 17:6).

  •   Бурхны нэрийг мэдэж аваад, нэрээр нь дууддаг болсон хүн Еховатай дотно болох эхний алхмаа хийсэн гэсэн үг (Дуулал 9:10; Малахи 3:16). Өөртэй нь дотно болсон хүнд Ехова «Тэр намайг өргөмжилсөн учраас би өргөмжилнө. Тэр намайг хайрласан учраас би түүнийг аварна. Тэр миний нэрийг мэдсэн учраас би түүнийг өргөмжилнө» гэж амладаг (Дуулал 91:14).

  •   Библид «Тэнгэр болон газарт олон бурхан байдаг гэж хүмүүс боддог. Тиймээс “бурхан”, “эзэн” гэгддэг юм олон байдаг» гэж бий (1 Коринт 8:5, 6). Гэхдээ цорын ганц жинхэнэ Бурхныг Ехова гэдэг гэж тодорхой бичжээ (Дуулал 83:18).

a Еврей хэлний зарим судлаач Бурхны нэрийг Яавэ гэж буулгах ёстой гэж үздэг.

b Бурхны нэрийн богиносгосон хувилбар «Яа» нь «Халлелуяа», «Аллелуяа» гэдэг үгэнд ордог бөгөөд «Яаг магтан алдаршуулагтун» гэсэн утгатай (Илчлэл 19:1). Энэ хувилбар Библид 50 орчим удаа гардаг.