Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | САНАА ЗОВЖ ЯВДАГ БОЛ ЯАХ ВЭ?

Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!

Санаа зовоох зүйл хаа сайгүй байна!

«Хоол ундны юм авах гээд дэлгүүр ортол жигнэмгээс өөр юу ч байдаггүй. 10 000 дахин үнэтэй болсон байсан! Маргааш нь иртэл юу ч байгаагүй»—Пол, Зимбабве.

«Нөхөр маань надаас сална гэлээ. Яах ч учраа олоогүй. Хоёр хүүхэд маань эцэггүй өсөх нь, яана даа»—Жанет, АНУ.

«Түгшүүрийн дохио дуугарангуут орон доогуураа орлоо. Тэгж байтал бөмбөг дэлбэрэв. Би ерөөсөө тайвширч чадахгүй, гар минь чичирсээр л байсан»—Алона, Израиль.

Бид айдас түгшүүртэй «хэцүү цагт» амьдарч байна (2 Тимот 3:1). Санхүүгийн хямрал, гэр бүл салалт, дайн дажин, өвчин тахал, байгалийн болон хүнээс үүдэлтэй гамшиг олон хүнийг зовоодог. Бас «Ингэж өвдсөөр байгаад хорт хавдартай болох вий дээ», «Үр хүүхдүүдийн минь ирээдүй ямар байх бол?» гэж бодоод, шаналж явдаг хүн олон бий.

Санаа зовох нь хүнд байдаг л зүйл. Ер нь шалгалт шүүлэг, тоглолт юм уу, ажлын ярилцлагын өмнө сандардаг. Болзошгүй аюулаас болгоомжилж айх нь ч зүйн хэрэг. Гэхдээ байнга, хэт их айж түгших нь хор хөнөөлтэй. Саяхан явуулсан хэд хэдэн судалгаанд 68 000 гаруй хүн оролцжээ. Уг судалгаагаар, бага ч гэсэн тайван бус байвал эрт нас барах эрсдэлтэй нь тогтоогдсон. Тийм болохоор Есүс «бүү санаа зов» гэж зөвлөсөн байдаг. Бас «Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?» гэж хэлсэн. Үнэхээр ч санаа зовлоо гээд юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ. (Матай 6:25, 27). Тэгвэл санаа зовохгүй байхын тулд яах хэрэгтэй вэ?

Мэргэн зөвлөгөөг амьдралдаа мөрдлөгө болгож, Бурханд найдан, ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг бол санаа зовох зүйлгүй. Зовлон бэрхшээл тулгарсан ч айж сандрахгүй. Пол, Жанет, Алона нар айдсаа хэрхэн ялсныг дараагийн өгүүллээс уншаарай.