Skip to content

Гарчиг руу орох

Амьд Бурхныг бүтээл нь илчилдэг

Амьд Бурхныг бүтээл нь илчилдэг

«Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдрыг ... авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ» (ИЛЧ. 4:11).

1. Бат итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

 НҮДЭЭРЭЭ харахаас нааш итгэхгүй гэж ярьдаг хүн олон бий. Еховад итгэдэг болоход нь тийм хүмүүст хэрхэн туслах вэ? «Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй» гэж Библид бичжээ (Иох. 1:18). Тэгвэл «үл үзэгдэгч Бурхан» Еховад бат итгэдэг байхын тулд яах хэрэгтэй вэ? (Кол. 1:15). Юуны өмнө, Еховагийн тухай үнэнийг гуйвуулдаг ямар сургаал байдгийг мэдэх хэрэгтэй. Дараа нь, «Бурханы мэдлэгийн эсрэг босогч» аливаа ойлголтыг Библиэр хэрхэн няцаахыг мэддэг болох шаардлагатай (2 Кор. 10:4, 5).

2, 3. Бурхны тухай үнэнийг гуйвуулж олон түмнийг мунхруулдаг ямар хоёр сургаал байдаг вэ?

2 Бурхны тухай үнэнийг гуйвуулж олон түмнийг мунхруулдаг худал сургаалын нэг нь эволюцийн онол юм. Хүний зохиосон энэ сургаал Библитэй зөрчилддөг төдийгүй хүмүүсийг ирээдүйдээ итгэх итгэлгүй болгодог. Эволюцийн онолыг баримтлагчид амьдрал хар аяндаа үүссэн гэж үздэг. Үнэхээр тийм бол хүний амьдрал ямар ч утга учиргүй гэсэн үг.

3 Өөр нэг сургаалын тухай ярилцъя. Христ шашны ертөнцийн зарим хүн орчлонт ертөнц, гариг дэлхий, амьд бүхэн оршин тогтноод хэдхэн мянган жил болж байна гэж заадаг. Тэд Библийг үнэлж эрхэмлэдэг байж болох ч Бурхан бүх юмыг тус бүр нь 24 цагаар хэмжигддэг зургаахан хоногийн дотор бүтээсэн гэж үздэг. Ийнхүү шинжлэх ухааны үндэстэй, үнэмшилтэй баримт нотолгоог үл ойшоодог. Энэ нь Библийн нэр хүндийг унагаж, ямар ч үндэслэлгүй, алдаа мадагтай ном гэсэн ойлголт төрүүлдэг. Энэ сургаалыг хөхүүлэн дэмждэг хүмүүс нэгдүгээр зуунд амьдарч байсан зарим хүнтэй адил юм. Тэд Бурхны төлөө зүтгэлтэй ч «мэдлэгийн дагуу биш» байсан (Ром 10:2). Энэ хоёр худал сургаалыг Библиэр хэрхэн няцаах вэ? Библийн сургаалыг үнэн зөвөөр нь мэдэж авахын төлөө шамдан суралцсан цагт л «цайз» мэт худал сургаалыг «эвдэж нурааж» чадна.

БАРИМТАД ТУЛГУУРЛАН, ЭРГЭЦҮҮЛЭН БОДОЖ БАЙЖ ИТГЭХ НЬ

4. Бид юунд үндэслэн итгэх ёстой вэ?

4 Мэдлэгийг үнэлж эрхэмлэхийг Библи уриалдаг (Сур. 10:14). Гүн ухааныг үндэс болгох юм уу шашны сургаалыг баримтлахын оронд, үнэн бодитой баримтад тулгуурлан, эргэцүүлэн бодож байж өөрт нь итгээсэй гэж Ехова хүсдэг (Еврей 11:1-ийг уншина уу). Бурханд бат итгэдэг болъё гэвэл эхлээд оршин байдагт нь итгэх ёстой (Еврей 11:6-г уншина уу). Бид ямар нэг юманд итгэхийг хүссэн учраас бус, харин баримт нотолгоог шалгаж нягтлаад, эргэцүүлэн бодсоны үндсэн дээр Бурхан үнэхээр байдагт итгэсэн билээ.

5. Бурхан байдагт итгэдгийн маань нэг шалтгаан юу вэ?

5 Бурхныг харж чадахгүй ч оршин байдагт нь итгэж болох нэг шалтгааныг элч Паул хэлж өгсөн. Тэрбээр Еховагийн тухай «Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» хэмээн бичжээ (Ром 1:20). Бурхан байдагт эргэлздэг хүнд Паулын бичсэн энэ үгийн үнэнийг хэрхэн ойлгуулах вэ? Бүтээгч маань хүчтэй, мэргэн ухаантайг бүтээл нь баталдгийг харуулах дараах баримтыг хэлж өгч болох юм.

БҮТЭЭЛ НЬ БУРХНЫ ХҮЧИЙГ ИЛЧИЛДЭГ

6, 7. Еховагийн агуу хүчийг ямар хоёр зүйл илчилдэг вэ?

6 Ехова хүнийг аюул осолгүй амьдруулах зорилгоор дэлхийн агаар мандал, соронзон орныг бүтээжээ. Энэ хоёр бүрхүүл Бурхны хүчийг илтгэн харуулдаг. Агаар мандал байдгийн ачаар бид агаараар амьсгалдаг. Бас хамгаалагддаг. Асар их хөнөөл учруулах аюултай сансрын биетийн хэлтэрхийнүүд дэлхийн агаар мандалд орж ирмэгцээ голдуу шатдаг байна. Одод шөнийн тэнгэрийг хурц гэрлээр зүсэх мэт харваж харагддаг нь ийм учиртай.

7 Бас дэлхийн соронзон орон хүн төрөлхтнийг хамгаалдаг. Ихэнх хувь нь улайдсан төмрөөс тогтсон дэлхийн гадаад цөм нь соронзон орныг үүсгэдэг. Соронзон орон дэлхийг бүрхээд зогсохгүй агаар мандлаас дээш оршдог. Наран дээрх тэсрэлт болон нарнаас ирж буй туяанд манай дэлхий хайлчихдаггүй нь энэ бүрхүүлтэй холбоотой. Дэлхийн соронзон орон хорт туяаг өөртөө шингээх юм уу сансар огторгуй руу буцааж явуулан биднийг хамгаалдаг. Хойд, Өмнөд туйлын ойр орчимд өнгө өнгийн гэрэл туяарч харагддаг нь соронзон орон байгаагийн илрэл юм. Ехова «агуу их хүчтэй» нь яахын аргагүй үнэн (Исаиа 40:26-г уншина уу).

БҮТЭЭЛ НЬ БУРХНЫ МЭРГЭН УХААНЫГ ИЛЧИЛДЭГ

8, 9. Еховагийн мэргэн ухаантайг ямар бүтээл нь илчилдэг вэ?

8 Дэлхий дээр амьдрах таатай нөхцөл бүрдүүлснийг нь бодож үзвэл Ехова ямар их мэргэн ухаантайг мэдэж болно. Та өөрийгөө хүн ам шигүү суурьшсан, хана хэрэм бүхий хотод амьдарч байна гээд төсөөлөөрэй. Хэрэв тэр хот гаднаас цэвэр ус авах, хог хаягдлаа гадагш гаргах боломжгүй бол яах вэ? Удалгүй бохирдож, амьдрах нөхцөлгүй болно. Цэвэр усны нөөц нь хязгаарлагдмал, хог хаягдлаа гаргаж хаях аргагүй гэдгээрээ манай дэлхий ийм хоттой адилхан юм. Гэсэн хэдий ч олон тэрбум амьд бүтээл дэлхий дээр үеэс үед оршин тогтнох боломжтой. Яагаад тэр вэ? Дэлхий маань амьдралд зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнийг дахин боловсруулах гайхалтай чадвартай бүтээл юм.

9 Жишээ болгон хүчилтөрөгчийн эргэлтийг аваад үзье. Олон тэрбум амьд бүтээл хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Тэглээ ч гэсэн агаар дахь хүчилтөрөгчийн нөөц дуусдаггүй, нүүрсхүчлийн хий илүүддэггүй. Үүний учир юу юм бол? Фотосинтез гэдэг гайхалтай урвал явагддаг нь энэ асуултын хариу болно. Фотосинтезийн үр дүнд ургамал нүүрсхүчлийн хий, нарны гэрэл, эрдэс бодис, усыг өөртөө шингээж нүүрс ус, хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Харин хүн, амьтан хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Энэ эргэлт ийнхүү тасралтгүй үргэлжилдэг. Тэгэхлээр Ехова ургамал ногоог бүтээсний учир нь «амь, амьсгалыг» бүгдэд өгөхийн тулд ажээ (Үйлс 17:25). Ямар гайхалтай мэргэн ухаантай юм бэ!

10, 11. Хаан эрвээхэй болон соно Еховагийн мэргэн ухааныг хэрхэн илчилдэг вэ?

10 Еховагийн мэргэн ухааныг манай гариг дээрх олон төрөл зүйлийн амьд бүтээлээс бас мэдэж болно. Дэлхий дээр 2 саяас 100 сая төрөл зүйлийн амьтан байдаг гэсэн тооцоо бий (Дуулал 104:24-ийг уншина уу). Тэдгээрийн заримыг авч үзэн, Бурхны мэргэн ухааны талаар ярилцъя.

Сонын нүдний бүтэц Бурхны мэргэн ухааныг илчилдэг; томруулсан зураг (11-р догол мөрийг үзнэ үү)

11 Хаан эрвээхэйний тархи үзэгний хошуунд байдаг шааригны хэмжээтэй. Тэгсэн атлаа Канадаас Мексикийн ой хүртэл 3 000 орчим километр зам туулахдаа нараар баримжаалан нисэж зүг чигээ алдалгүй нүүдэллэж чаддаг. Тэгвэл нар мандахаас жаргах хүртэл нарны байрлал өөрчлөгдөхөд яадаг вэ? Ехова энэ эрвээхэйний бяцхан тархийг тийм үед ч зүг чигээ алдахгүй байх чадвартайгаар бүтээжээ. Соно хэмээх шавьжийг аваад үзье. Хоёр нүд нь тус бүр 30 000 линзнээс тогтдог аж. Тэдгээрээр дамжиж ирсэн мэдээллийг жижигхэн тархи нь тайлж унших ба орчин тойрныхоо ялихгүй хөдөлгөөнийг ч мэдэрдэг байна.

12, 13. Еховагийн бүтээсэн эсийн бүтэц ямар учраас гайхалтай вэ?

12 Еховагийн бүх амьд бүтээл эсүүдээс тогтдог нь бүр ч гайхалтай. Жишээ нь, таны бие 100 орчим триллион эсээс бүтдэг. Эс бүрийн дотор бяцхан олс шиг зүйл бий. Түүнийг ДНХ (дезоксирибонуклеин хүчил) гэдэг. Таны бие махбодын талаарх ихэнх мэдээллийг хадгалдаг ажээ.

13 ДНХ хэр их мэдээлэл агуулдаг вэ? Нэг грамм ДНХ-ийн мэдээлэл агуулах хүчин чадлыг компакт дискийн (CD) хүчин чадалтай харьцуулъя. Зузаан толь бичиг доторх бүх мэдээлэл нэг ширхэг нимгэн компакт дискт багтдаг нь үнэхээр гайхалтай. Гэтэл нэг триллион компакт дискийн мэдээлэл ганцхан грамм ДНХ-д агуулагддаг! Өөрөөр тайлбарлавал, дэлхийн хүн амын тооноос 350 дахин олон хүний бие махбодын тухай мэдээлэл нэг цайны халбага хатаасан ДНХ-д агуулагддаг гээд бод доо!

14. Шинжлэх ухааны нээлтүүдийг бодож үзвэл Еховагийн талаар танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

14 Давид хаан: «Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн нэг нь ч болоогүй байхад тэд бүгд Таны номд бичигдсэн» гэжээ. Үүнээс үзвэл, Ехова Бурхан хүний бие махбодын мэдээллийг «номд» бичсэн гэлтэй (Дуу. 139:16). Өөрийнх нь бие хэрхэн бүтээгдсэнийг Давид бодож үзээд Еховаг өөрийн эрхгүй магтсан нь ойлгомжтой. Хүний биеийн бүтцийг эргэцүүлж бодохлоор бид бас гайхаж биширдэг. Сүүлийн жилүүдэд хийсэн шинжлэх ухааны нээлтүүд ч дуулалчийн бичсэнийг баталдаг. Дуулалч: «Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм» хэмээн бичжээ (Дуу. 139:14). Бурхан үнэхээр оршин байдгийг бидний эргэн тойронд буй бүтээлүүд батлахгүй байна гэж үү?

АМЬД БУРХНЫГ АЛДАРШУУЛАХАД НЬ БУСДАД ТУСАЛЪЯ

15, 16. а) Еховагийн бүтээх чадварыг улам их үнэлж эрхэмлэдэг болоход манай ном хэвлэл хэрхэн тусалдаг вэ? б) Бүтээлийн тухай тайлбарласан ямар өгүүлэл танд сонирхолтой санагдсан бэ?

15 Амьд Бурхныг бүтээлээс нь мэдэх боломжийг «Сэрцгээ!» сэтгүүл олон жилийн турш сая сая хүнд олгосоор ирсэн билээ. Жишээ нь, эволюци гэх мэтийн сургаалд итгэдэг хүмүүсийн нүдийг нээх зорилгоор 2006 оны 9 дүгээр сард «Бүтээгч байдаг уу?» («Is There a Creater?») гэсэн гарчигтай тусгай дугаар гарсан. Уг дугаарын талаар нэг Гэрч эмэгтэй АНУ дахь салбарт бичихдээ «Энэ сэтгүүлийг тараах аян дэндүү сайхан боллоо. Биологийн багш нэг эмэгтэй сурагчдадаа өгнө гээд 20 ширхгийг авсан» гэжээ. Өөр нэг Гэрч: «Одоо нас сүүдэр 75 хүрч байна. 1940-өөд оны сүүлээс эхлэн дэлгэрүүлэх ажилд оролцдог болсон. Энэ сард „Сэрцгээ!“ сэтгүүлийн тусгай дугаарыг тараахад амссан шиг ийм их баяр хөөрийг өнөөг хүртэл амсаж үзсэнгүй» гэж бичжээ.

16 «Сэрцгээ!» сэтгүүл 2008 оноос эхлэн «Санамсаргүй бий болсон уу?» («Was It Designed?») гэдэг булантай болсон. Уг буланд Бурхны бүтээл ямар уран нарийн хийцтэйг тайлбарлаж, хүмүүс Агуу Зохион Бүтээгчийн бүтээлээс санаа авдгийг онцлон тэмдэглэдэг. Түүнчлэн 2010 оны чуулганаар Бурхныг магтан алдаршуулахад тустай нэмэлт материал гарсан. «Тохиолдлоор бий болсон уу?» («Was Life Created?») гэдэг уг товхимлын олон гоё зураг нь Ехова ямар гайхалтай Бүтээгч гэдгийг ойлгуулж, улам их талархдаг болгох зорилготой. Хэсэг бүрийн эцэст бичсэн асуулт нь үзсэн материалаа эргэцүүлэн бодоход зориулагдсан. Айлаар, гудамжаар, албан бусаар дэлгэрүүлэхэд энэ товхимол нэн тохиромжтой. *

17, 18. а) Итгэл үнэмшлээ хамгаалж чаддаг болоход нь үр хүүхдэдээ хэрхэн туслах вэ? б) Бүтээлийн тухай өгүүлдэг эдгээр товхимлыг та гэр бүлийн хичээлээрээ хэрхэн судалдаг вэ?

17 Эцэг эхчүүд та нар энэ өнгөт товхимлыг гэр бүлийн хичээлээрээ хүүхдүүдтэйгээ хамт судалдаг уу? Судалдаг бол амьд Бурханд улам их итгэдэг болоход нь тэдэндээ тусална. Танай хүүхэд ахлах ангид сурдаг байж болох юм. Эрдэмтэн, багш нар тэдэнд эволюцийн онол зааж Бүтээгч байхгүй гэж итгүүлэхийг онцгой их хичээдэг. Байгалийн сэдэвтэй баримтат кино, уран сайхны кино, телевизийн нэвтрүүлгээр ч энэ онолыг шинжлэх ухааны үндэстэй мэтээр сурталчилдаг. Иймэрхүү суртал ухуулгад автахгүй байхад нь өсвөр насны хүүхдэд туслах өөр нэг хэвлэл бол 2010 оны чуулганаар гарсан «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт» гэдэг товхимол юм. «Тохиолдлоор бий болсон уу?» товхимлын адилаар охид хөвгүүдэд «хэрсүү чанар» буюу бодох чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой (Сур. 2:10, 11). Сургууль дээр заалгасан зүйлийнхээ уялдаа холбоог хэрхэн нягтлан үзэхийг энэ товхимлоос мэдэж аваарай.

Эцэг эхчүүд ээ, итгэл үнэмшлээ хамгаалахад нь үр хүүхдэдээ туслаарай (17-р догол мөрийг үзнэ үү)

18 Эрдэмтэд эволюцийн онол үнэн гэдгийг батлах чулуужсан яс олжээ гэсэн дуулиантай мэдээ заримдаа гардаг. Эсвэл амьдрал санамсаргүй үүсэж болдгийг лабораторийн нөхцөлд баталжээ гэж мэдээлдэг. Иймэрхүү мэдээ хэр үнэн бодитойг өөрөө тунгааж бодоход нь охид хөвгүүдэд туслах зорилгоор «Амьдралын үүсэл» товхимлыг гаргасан. Бүтээгчид итгэдгийнхээ учрыг илүү зоригтой тайлбарлахад нь үр хүүхдэдээ туслахын тулд эцэг эхчүүд та бүхэн энэ товхимлыг ашиглаарай (1 Петр 3:15-ыг уншина уу).

19. Бид ямар завшаантай вэ?

19 Еховагийн байгууллагаас гаргасан, бүтээлийн тухай өгүүлдэг эдгээр ном хэвлэлийг уншвал Бурхныхаа гайхалтай сайхан зан чанарын талаар их зүйлийг мэдэж болно. Улмаар Ехова Бурхнаа сэтгэл зүрхнийхээ угаас магтан алдаршуулахыг хүснэ (Дуу. 19:1, 2). Бүхнийг Бүтээгч Ехова ганцаараа алдар, хүндэтгэл авах зохистой. Бүтээгчээ магтан алдаршуулах нь бидний хувьд агуу завшаан мөн! (1 Тим. 1:17).

^ Дурдсан хэвлэлүүд монгол хэлээр байхгүй ч бүтээлийн тухай тайлбарласан зарим өгүүллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 6-р сарын 15-ны дугаарын 21–25-р хуудас; 2011 оны 2-р сарын 15-ны дугаарын 6–9-р хуудаснаас уншиж болно.