Skip to content

Гарчиг руу орох

Хэзээ ч битгий цөхрөөрэй!

Хэзээ ч битгий цөхрөөрэй!

Та хань ижлээ Еховад үйлчилдэг болоосой гэж олон жил хүлээж байна уу?

Эсвэл их сонирхож байсан суралцагч тань үнэний зам дээр зогсож чадаагүйд гутарсан уу?

Та Англид болсон явдлыг уншаад цөхрөх хэрэггүйн учрыг ойлгох биз ээ. Бас, «өөрийн талхыг усны гадаргуу дээр хаяхын» тулд, өөрөөр хэлбэл, үнэнийг хараахан хүлээж аваагүй хүмүүст туслахын тулд яах хэрэгтэйг мэдэж авна (Ном. 11:1).

ТУУШТАЙ БАЙХ НЬ ТУЙЛЫН ЧУХАЛ

Таны хийх ёстой нэг чухал зүйл бол тууштай байх явдал юм. Еховагаас, үнэнээс чанга зуурах хэрэгтэй (Д.хууль 10:20). Георгина чухамдаа ингэсэн ажээ. Түүнийг 1970 онд Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхлэхэд нөхөр Кирякос нь багтартлаа уурлажээ. Хичээлийг нь хийлгэхгүй гэж Гэрчүүдийг гэртээ оруулдаггүй байв. Бас манай байгууллагын ном хэвлэл олдох л юм бол гаргаж хаядаг байлаа.

Георгинаг цуглаанд явж эхлэхэд Кирякос бүр ч их уурлажээ. Нэг удаа Хаанчлалын танхимд очоод хэрүүл маргаан дэгдээхэд нь Кирякосыг грекээр илүү сайн ярьдгийг анзаарсан нэг Гэрч эмэгтэй өөр хурлын грек эрэгтэй рүү утасдаж, тусламж хүсжээ. Кирякос грек Гэрчийн сайхан занд уяран, бүр нэлээн хэдэн сар Библи судалсан байна. Гэвч дараа нь хичээл хийхээ больжээ.

Кирякос эхнэрээ дахиад гурван жил ширүүн эсэргүүцсэн юм. Баптисм хүртвэл сална гэдгээ ч хэлжээ. Георгина баптисм хүртэх өдрөө Еховад шаргуу залбирч, Кирякосыг битгий явуулаач гэж гуйв. Гэрчүүд Георгинаг чуулган руу авч явахаар ирэхэд Кирякос: «Та нар урд ороод яв. Бид хоёр араас чинь дагая» гэж хэлсэн байна. Ингээд Кирякос үдээс өмнөх хөтөлбөрт сууж, эхнэрийнхээ баптисм хүртэхийг үзжээ.

Георгинаг Гэрчүүдтэй анх уулзсанаас хойш бараг 40 жилийн дараа нөхөр нь баптисм хүртсэн

Үүнээс хойш эхнэрээ эсэргүүцэх нь багасав. Яваандаа их өөрчлөгджээ. Георгинаг Гэрчүүдтэй анх уулзсанаас хойш бараг 40 жилийн дараа Кирякос баптисм хүртсэн юм! Юуны ачаар тэр вэ? Кирякос: «Эхнэр маань тууштай байсан нь надад их нөлөөлсөн» гэжээ. Георгина: «Нөхөр маань эсэргүүцэж байсан ч би Бурхнаа шүтэхээ болиогүй. Энэ бүх хугацаанд Еховад залбирсаар байсан. Хэзээ ч найдлага тасраагүй» хэмээн ярьсан.

ШИНЭ ХҮНИЙГ ӨМСӨХ НЬ ЧУХАЛ

Ханьдаа тусалъя гэвэл христиан хүнд байх ёстой зан чанарыг өөртөө бий болгох хэрэгтэй. Элч Петр христиан эхнэрүүдэд «Та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд эхнэрүүдийнхээ үггүйгээр, биеэ авч явах байдлаар аврагдана» хэмээн зөвлөсөн байдаг (1 Петр 3:1). Кристин энэ зөвлөгөөг дагажээ. Тэгээд олон жилийн дараа үр шимийг нь үзсэн юм. Түүнийг 20 гаруй жилийн өмнө Гэрч болоход нөхөр Жон нь Бурхны талаар огт сонирхдоггүй, шашин шүтэх ямар ч хүсэлгүй байв. Гэсэн ч эхнэр нь олж авсан итгэл үнэмшлээ хэчнээн их үнэлдгийг анзаарчээ. Жон: «Эхнэр маань энэ шашныг шүтсэнээсээ хойш үнэхээр жаргалтай болсон юм. Юунд ч бууж өгөхөөргүй эрч хүчтэй болж байлаа. Тийм болохоор амьдралын хатуу хүтүүг давахад минь түшиг тулгуур болсон» хэмээн ярьсан юм.

Кристин нөхрийгөө шашиндаа оруулах гэж хүчилж байсангүй. Нөхөр нь: «Кристин намайг зөнгөөр нь байлгах нь дээр гэдгийг анхнаасаа ойлгосон. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө хурдаар явахад минь саад болж байгаагүй» гэв. Кристин «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлээс Жоны сонирхдог шинжлэх ухаан, байгалийн холбогдолтой өгүүлэл олохлоороо «Чамайг сонирхох болов уу гэж бодлоо» гээд нөхөртөө өгдөг байжээ.

Цаг хугацаа өнгөрсөөр Жон тэтгэвэртээ гарч, цэцэрлэгчийн ажил хийх болов. Завтай болсон болохоор янз бүрийн юмыг эргэцүүлэн: «Хүн тохиолдлоор үүсэв үү, аль эсвэл тодорхой зорилгоор бүтээгдэв үү?» гэж бодож эхэлжээ. Нэгэн удаа Жонтой хөөрөлдөж байсан Гэрч эрэгтэй: «Хичээл хийхгүй юм уу?» гэж асуусан аж. Жон: «Тэр үед би Бурхан байдагт итгэж эхэлсэн байлаа» гээд, «Тийм болохоор хичээл хийхээр болсон доо» хэмээн ярьсан.

Цөхрөхгүй байх нь үнэхээр чухал гэдгийг Кристинд тохиолдсон явдал харуулдаг. Хорин жил залбирсны эцэст нөхөр нь үнэнийг хүлээн авч, баптисм хүртжээ. Одоо тэд хамтдаа Ехова Бурхандаа идэвх зүтгэлтэй үйлчилж байна. Жон: «Хоёр зүйл надад тус болсон. Эхнийх нь, Гэрчүүдийн сайхан сэтгэл, элгэмсэг дотно зан. Хоёр дахь нь үнэнч, найдвартай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй эхнэр минь. Нөхөр юм уу эхнэр тань Еховагийн Гэрч бол та тийм л ханьтай гэсэн үг шүү» гэж хэлсэн юм. Тийм ээ, Кристин 1 Петр 3:1-д байдаг зөвлөгөөг ажил хэрэг болгоод үр шимийг нь хүртжээ.

ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРЬСАН ҮР Ч УРГАДАГ

Тэгвэл үнэнийг сонирхдог байсан ч ямар нэгэн шалтгаанаар сонирхохоо больсон суралцагчдын тухайд юу хэлж болох вэ? Соломон хаан: «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» хэмээн бичжээ (Ном. 11:6). Үнэний үр ургаж соёолоход олон жил шаардагдах нь бий. Бурхантай дотно болохын чухлыг аажимдаа ойлгож эхэлдэг хүн байдаг (Иак. 4:8). Та нэг л өдөр гайхан баярлана даа.

Алис гэдэг эмэгтэй Энэтхэгээс Англид нүүж очоод, 1974 онд Библи судалж эхэлжээ. Хинди хэлтэй тэрбээр англи хэлээ сайжруулахыг хүсэж байв. Тиймээс хэдэн жил Библийн хичээл хийж, цуглаанд хэдэн удаа очжээ. Сурч мэдсэн зүйл нь үнэн гэдгийг ойлгосон ч нэг их чухалд үзсэнгүй. Үүний хажуугаар мөнгө төгрөг, үдэшлэг цэнгүүнд дурлах болжээ. Яваандаа Библи судлахаа болив.

Алист Библи зааж байсан Стелла гучаад жилийн дараа түүнээс захиа авчээ. Тэр захианд «1974 онд Библийн хичээл заалгаж байсан суралцагч тань саяхны мужийн чуулганаар баптисм хүртсэнийг мэдээд та лав гайхна даа. Та үнэний үрийг тарьж миний амьдралд их чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед би Бурханд өөрийгөө зориулахад бэлэн биш байсан ч таны суулгасан үр сэтгэл зүрх, оюун ухаанд минь хадгалагдан үлдсэн» гэж бичжээ.

Стелла Алисаас захидал авчээ. Уг захидалд «1974 онд Библийн хичээл заалгаж байсан суралцагч тань саяхны мужийн чуулганаар баптисм хүртсэнийг мэдээд та лав гайхна даа» гэж бичсэн

Алис 1997 онд ханиасаа хагацаад сэтгэл санаа нь ихэд хямарсан байлаа. Тэр үед Бурханд залбирчээ. Тэгээд арван минут ч болоогүй байтал пунжаби хэлээр ярьдаг хоёр Гэрч тэднийд ирж, «Нас барагсад ирээдүйд яах вэ?» гэдэг танилцуулга өгөөд явсан байна. Алис залбирлынхаа хариуг авснаа ойлгож, Еховагийн Гэрчүүдтэй холбоо барихаар шийдэв. Гэвч тэднийг хаанаас олох билээ? Хуучин тэмдэглэлийн дэвтрээ үзтэл, Стеллагийн өгсөн пунжаби хурлын хаяг байв. Алисыг Хаанчлалын танхимд очиход пунжаби хэлтэй Гэрчүүд халуун дотноор угтан авчээ. «Надад илэрхийлж байсан тэр хайрыг би дахин мэдэрч, уй гашуу минь тайлагдсан» хэмээн Алис ярьсан юм.

Тэрбээр цуглаанд тогтмол явдаг болж, Библийн хичээл хийж, пунжаби хэлээр чөлөөтэй ярьж, уншиж сурчээ. Ингээд 2003 онд баптисм хүртсэн байна. Алис Стеллад бичсэн захидлынхаа төгсгөлд «29 жилийн өмнө үнэний үрийг тарьж, бас үлгэр дууриал болж байсанд маш их баярлалаа» гэжээ.

«29 жилийн өмнө үр тарьж, бас үлгэр дууриал болж байсанд маш их баярлалаа»—Алис

Та эдгээр явдлаас юу ойлгосон бэ? Тарьсан үр санаснаар хурдан ургахгүй бол яах вэ? Хэрэв тэр хүн Бурхныг таньж мэдэхийг хүсдэг, даруухан, чин сэтгэлтэй бол Ехова зүрхэнд нь суулгагдсан үнэний үрийг хэзээ нэгэн цагт ургуулах л болно. Есүс сургаалт зүйрлэл хэлэхдээ «Үр яаж урган өсөж байгааг [тариачин] өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж, дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог» хэмээснийг санаарай (Марк 4:27, 28). Үнэний үр нүдэнд үзэгдэхгүйгээр өсөж ургасаар байдаг. Харин энэ үйл явц хэрхэн явагддагийг Хаанчлалыг тунхаглагчдын хэн нь ч мэдэхгүй. Тиймээс хаа явсан газраа үр цацсаар байгаарай. Арвин их ургац хураах нь дамжиггүй.

Бас залбирахаа хэзээ ч бүү мартаарай. Георгина Кристин хоёр Еховад залбирсаар байсан шүү дээ. «Залбиралд өөрсдийгөө зориулж», цөхрөхгүй байвал усны гадаргуу дээр хаясан «талхаа» «олон хоногийн хойно» дахин олж авах нь лав (Ром 12:12; Ном. 11:1).