Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭХНЭР НӨХӨР

Асуудал бэрхшээлээ хэрхэн ярих вэ?

Асуудал бэрхшээлээ хэрхэн ярих вэ?

ЮУ БОЛДОГ ВЭ?

Ямар нэг бэрхшээл асуудлаа ярья гэхлээр муудалцаад л дуусна даа гэж та хоёрт санагддаг уу? Хэрэв тийм бол ийм байдал сайжирна гэдэгт итгээрэй. Гэхдээ эхлээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бодол санаагаа хуваалцах арга өөр өөр байдгийг ойлгох ёстой. *

ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эмэгтэй хүн ихэвчлэн асуудлын шийдлийг сонсохоос илүү ярих дуртай байдаг. Үнэндээ ярина гэдэг тэдний хувьд шийдэл юм.

«Нөхөртөө дотроо онгойтол ярьж, нөхөр маань намайг ойлгож байгааг мэдэхлээр сэтгэл нэг л сайхан болчихдог. Ихэнхдээ ярьж эхлээд хэдхэн минутын дараа гэхэд тайвширчихдаг юм»—Сирпа. *

«Нөхөртөө хамаг юмаа ярихгүй л бол миний санаа амардаггүй. Асуудлаа ярихлаар л бүх юм сайхан болчихдог»—А-Жинь.

«Би яг мөрдөгч шиг байдаг. Ярьж байх зуураа яриандаа анализ хийн асуудлынхаа шалтгааныг олчихдог»—Лурдес.

Эрэгтэйчүүд асуудлын шийдлийг бодох дуртай. Эрэгтэй хүн асуудлыг шийдэж зохицуулахлаараа өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдэрдэг. Асуудал бэрхшээлийн гарцыг эхнэртээ хэлж өгч байгаа нь надад найдаж болно шүү гэж байгаатай адил юм. Гэтэл түүнийг нь шууд хүлээж авахгүй болохоор тэдэнд ойлгомжгүй санагддаг. «Асуудлаа шийдэх гээгүй юм бол яах гэж ярьдаг байна аа. Ерөөсөө ойлгож чадахгүй нь» гэж Кирк гэдэг эрэгтэй ярьсан юм.

Гэхдээ нэгэн номд «Зөвлөгөө өгөхөөсөө урьдаар ойлгох хэрэгтэй. Асуудлаа хэрхэн шийдэхийг ярихаас өмнө яаж зовж байгааг нь мэдэрч байгаагаа ханьдаа хэлэх хэрэгтэй. Эхнэр хүн ихэнхдээ яриаг нь сонсоосой гэж хүсдэг болохоос биш, асуудлаа шийдэх аргыг сонсохыг хүсдэггүй» гэж бичсэн байдаг («The Seven Principles for Making Marriage Work»).

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Нөхрүүдэд: Эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж, хэлэх үгийг нь анхааралтай сонсдог байгаарай. Томас гэдэг эрэгтэй: «Зүгээр сонсоод л байна гэхээр тус болоогүй юм шиг санагддаг. Гэвч эхнэр маань өөрийг нь сонсохыг л гол нь хүсдэг юм билээ» гэжээ. Стефан гэдэг нөхөр: «Сэтгэлээ нээж ярихад нь таслалгүй сонсох нь их зөв юм байна. Эхнэр маань сэтгэлдээ байгаа юмаа ярьчихаад нэг л сайхан болчихлоо гэж хэлдэг» гэж ярьсан юм.

Оролдоод үз: Эхнэр тань бэрхшээлээ ярихад яаран зөвлөгөө өгөхөө азнаарай. Нүд рүү нь харж байгаад яриаг нь анхаарч сонсоорой. Санал нийлж байвал толгой дохиорой. Ойлгосноо илэрхийлж ярианых нь гол санааг давтаарай. «Өөрийг нь ойлгосноо, өөрийнх нь талд байгаа гэдгээ эхнэртээ мэдрүүлэх хэрэгтэй байдаг» гэж Чарлес гэдэг эрэгтэй хэлжээ (Библийн зарчим: Яаков 1:19).

Эхнэрүүдэд: Нөхрөөсөө яг юу хүсэж байгаагаа яриарай. Элени: «Хүүхнүүд бид ханиасаа хэрэгцээг маань мэдээсэй гэж хүсдэг байх. Гэхдээ өөрсдөө тэрийгээ тодорхой ярих хэрэгтэй» гэжээ. Инес нөхөртөө «Надад нэг хэцүү юм байна. Тэрийг чамаар шийдүүлэх гээгүй юм аа. Надад ямар санагдаж байгааг л ойлгоосой гэж хүсэж байна» гэж хэлдэг ажээ.

Оролдоод үз: Хэрэв нөхөр чинь эхлээд шийдлийг хэлж өгөх гээд байвал мэдрэмжгүй гэж битгий дүгнээрэй. Аминдаа жаахан ч гэсэн тус дэм болох гэснийх шүү дээ. Естер гэдэг эмэгтэй: «Дургүйцэж уурлахын оронд нөхөр маань надад санаа тавиад, сонсож туслахыг хүсэж байгааг нь ойлгохыг хичээдэг» гэж ярьсан юм (Библийн зарчим: Ром 12:10).

Эхнэр нөхөр хоёрт: Ер нь бид өөрт маань яаж хандаасай гэж хүснэ, бусад хүнд бас тэгж ханддаг. Гэхдээ хань ижилтэйгээ асуудлынхаа тухай ярихдаа хань тань яаж хандаасай гэж хүсэж байгааг ойлгох хэрэгтэй (1 Коринт 10:24). Мигел гэдэг эрэгтэй ингэж зөвлөж байна. «Хэрэв чи нөхөр бол эхнэрээ зүгээр л сонс. Хэрэв чи эхнэр бол нөхрийнхөө хэлж байгаа шийдлийг хааяа ч болов сонсож хүлээж ав. Аль аль нь буулт хийсэн цагт л хэн хэнд нь сайн» (Библийн зарчим: 1 Петр 3:8).

^ Бүх эрэгтэй эмэгтэй өөр өөр байдаг гэсэн үг биш л дээ. Гэхдээ энэ өгүүлэлд гарч байгаа зарчим бодол санаагаа хуваалцахад ялангуяа хань ижлээ сайн ойлгоход гэрлэсэн хосуудад тус болно.

^ Энэ өгүүлэлд гарсан хүмүүсийн нэрийг өөрчлөв.