Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Христийн дагалдагч хүн Библийн үндэслэлгүйгээр эхнэрээсээ салж өөр хүнтэй гэрлэвэл өмнөх ба одоогийн гэрлэлтийг нь хурлынхан хэрхэн үзэх вэ?

Хурлынхан энэ хүнийг өөр хүнтэй гэрлэсэн тэр цагаас өмнөх гэрлэлтийг нь хүчингүй болсон гэж үзнэ. Сүүлийн гэрлэлтийг нь хүчинтэй гэж үзнэ. Ингэж дүгнэж болох шалтгааныг ойлгохын тулд ханиасаа салж өөр хүнтэй гэрлэх талаар Есүс юу хэлснийг анхаарах хэрэгтэй.

Есүс Матай 19:9-д гэрлэлтийг хүчингүй болгох Библийн үндэстэй цорын ганц шалтгааныг тодорхойлсон. Тэрбээр: «Эхнэр нь садар самуун явдалд орооцолдоогүй атал эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг» гэжээ. Есүсийн үгнээс 1) Садар самуун явдлыг ханиасаа салаад гэрлэлтийг хүчингүй болгох Библийн үндэстэй цорын ганц шалтгаан гэдгийг, 2) Библийн үндэслэлгүйгээр эхнэрээсээ салж өөр хүнтэй гэрлэсэн хүн завхайрсан болно гэдгийг мэдэж болно. a

Есүсийн үгнээс үзвэл нөхөр нь садар самуун явдалд орооцолдоод, дараа нь эхнэрээсээ салсан бол дахин гэрлэх Библийн үндэслэлтэй болдог гэсэн үг үү? Заавал тийм гэсэн үг биш ээ. Буруугүй эхнэр нь завхайрсан нөхрөө уучлах эсэхээ шийднэ. Хэрэв эхнэр нь уучлахгүй байхаар шийдээд тэд хууль ёсоор салсан бол аль аль нь дахин гэрлэх үндэслэлтэй болно.

Нөгөөтээгүүр, буруугүй эхнэр нь нөхрөөсөө салмааргүй байгаа учраас уучилснаа илэрхийлж болох юм. Гэтэл завхайрсан нөхөр нь үүнийг үл тоомсорлосноор барахгүй ганцаараа хөөцөлдөж гэрлэлтээ хууль ёсоор цуцлуулсан бол яах вэ? Эхнэр нь нөхрөө уучилъя, салахгүй байя гэж хүсэж байгаа учраас нөхөр нь өөр хүнтэй гэрлэх Библийн үндэслэлгүй. Тэгсэн ч гэсэн нөхөр нь Библийн хэм хэмжээг үл тоомсорлож өөр хүнтэй гэрлэвэл дахин завхайрсан хэрэг болно. Эхний удаа завхайрсан үед эрх зүйн хороо байгуулж хэлэлцсэн ч дахин эрх зүйн хороог байгуулж, хэлэлцэх шаардлага гарна (1 Кор. 5:1, 2; 6:9, 10).

Хэрэв нөхөр хүн Библийн үндэслэлгүй атлаа өөр хүнтэй гэрлэсэн тохиолдолд өмнөх ба одоогийн гэрлэлтийг нь хурлынхан хэрхэн үзэх вэ? Библийн үүднээс үзвэл өмнөх гэрлэлт нь хүчинтэй хэвээрээ юү? Буруугүй эхнэр нь нөхөр байсан хүнээ уучлах эсэхээ шийдэх боломжтой хэвээрээ юү? Шинээр гэр бүл болсон хоёрыг завхайрсаар байна гэж цаашдаа ч үзэх үү?

Өмнө нь бид юу гэж ойлгодог байсан бэ? Буруугүй эхнэр нь амьд, өөр хүнтэй гэрлээгүй, садар самуун явдалд орооцолдоогүй цагт нөхөр байсан хүн болон түүнтэй гэрлэсэн хүнийг завхайрсаар байгаа гэж үздэг байсан. Гэхдээ ханиасаа салж өөр хүнтэй гэрлэх тухай Есүс ярихдаа буруугүй ханийн тухай юу ч дурдаагүй. Харин Библийн үндэслэлгүйгээр эхнэрээсээ салж өөр хүнтэй гэрлэсэн хүнийг завхайрсан гэсэн. Иймэрхүү байдлаар салаад гэрлэвэл (Есүсийн хэлснээр завхайрсан хэрэг) өмнөх гэрлэлт хүчингүй болно.

«Эхнэр нь садар самуун явдалд орооцолдоогүй атал эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг» (Мат. 19:9).

Гэрлэлт нэгэнт хүчингүй болсон учир буруугүй эмэгтэй өөрөөс нь салсан хүнийг уучлах тухай ярих ч боломжгүй, тиймээс уучлах эсэхээ шийдэх ч шаардлагагүй. Тиймээс буруугүй хуучин хань нь нас барсан, өөр хүнтэй гэрлэсэн, садар самуун явдалд орооцолдсон эсэхээс үл хамааран шинээр гэрлэсэн хоёрыг гэр бүл гэж үзнэ. b

Дээрх жишээний нөхөр нь завхайраад эхнэрээсээ салсан. Харин завхайраагүй атлаа эхнэрээсээ салаад өөр хүнтэй гэрлэсэн бол яах вэ? Эсвэл садар самуун явдалд орооцолдоогүй хэрнээ салж, салснаасаа хойш садар самуун явдалд орооцолдож, эхнэр нь уучилна гэсэн ч өөр хүнтэй гэрлэсэн бол яах вэ? Дээрх бүх тохиолдолд ханиасаа салаад өөр хүнтэй гэрлэснийг завхайрсан гэж үзэх бөгөөд үүнээс болж өмнөх гэрлэлт хүчингүй болно. Харин шинээр гэрлэснийг нь хууль ёсных гэж үзнэ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1979 оны 11-р сарын 15-ны дугаарт (англи) «Тэр хүн нэгэнт өөр хүнтэй гэрлэсэн тул хүссэн үедээ гэрлэлтээ цуцлуулж, салсан хүнтэйгээ дахин нийлэх боломжгүй. Тэрбээр эхнэрээсээ салж, завхайрч, өөр хүнтэй гэрлэснээр хуучин гэрлэлтээ хүчингүй болгосон» гэж бичжээ.

Ойлголт ингэж шинэчлэгдсэн ч гэрлэлт бол ариун хэвээрээ, завхайрал бол ноцтой хэвээрээ. Библийн үндэслэлгүйгээр эхнэрээсээ салж, дараа нь Библийн үндэслэлгүй атлаа өөр хүнтэй гэрлэсэн хүнийг ахлагчид завхайрсан гэж үзээд эрх зүйн хороо байгуулна (Шинээр эхнэр болсон хүн нь Христийн дагалдагч бол түүнийг бас завхайрсан гэж үзээд эрх зүйн хороо байгуулна). Нөхрийг нь завхайрсаар байна гэж цаашдаа үзэхгүй ч олон жил өнгөртөл, бас үйлдсэн хэргээсээ болж алдсан нэр хүндээ сэргээтэл хурлаас ямар нэг үүрэг оноохгүй. Түүнчлэн хурлаас ямар нэг үүрэг даалгах эсэхийг шийдэхдээ үнэнч бус нөхрөөсөө болоод хохирол амссан хуучин эхнэр болон насанд хүрээгүй хүүхдүүдийнх нь одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай (Мал. 2:14–16).

Библийн үндэслэлгүйгээр ханиасаа салж өөр хүнтэй гэрлэх нь ноцтой үр дагавартай учир Христийн дагалдагчид Еховаг дуурайн ухаалаг байж гэрлэлтийг ариун гэж үздэг (Ном. 5:4, 5; Евр. 13:4).

a Энэ өгүүлэлд завхайрсан ханийг эрэгтэй, буруугүйг нь эмэгтэй хэмээн бичсэн. Гэхдээ Есүсийн үг эрэгтэй эмэгтэй хоёрын аль алинд хамаатайг Марк 10:11, 12-оос мэдэж болно.

b Энэ нь шинэ ойлголт юм. Өмнө нь бид, буруугүй хуучин эхнэр нь амьд, өөр хүнтэй гэрлээгүй, садар самуун явдалд орооцолдоогүй цагт хуучин нөхөр болон түүнтэй гэрлэсэн хүнийг завхайрсаар байна гэж үздэг байсан.