Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 8

Аварга хүмүүс

Аварга хүмүүс

ГЭРИЙН чинь таазанд хүрэхээр өндөр хүн чам уруу ирж явбал чи юу гэж бодох вэ? Тийм хүн бол аварга хүн байж таарна! Нэгэн цагт үнэхээр тийм аварга хүмүүс дэлхийд амьдарч байжээ. Библид бичсэнээр тэдний эцэг нь тэнгэрээс бууж ирсэн тэнгэр элчүүд байв. Гэхдээ яаж ийм юм болсон бэ?

Хорон муу тэнгэр элч болох Сатан цаг үргэлж гай тарьж байсныг сана даа. Тэр ч бүү хэл, Бурхны тэнгэр элчүүдийг хүртэл уруу татахыг оролддог байжээ. Яваандаа зарим тэнгэр элч Сатаны үгийг дагах болсон байна. Тэд Бурхны даалгаж өгсөн тэнгэрийн ажлаа орхижээ. Тэгээд дэлхий дээр буун ирж, өөрсдөдөө хүний бие хийв. Ямар учраас гэдгийг чи мэдэх үү?

Учир нь тэд дэлхий дээр сайхан бүсгүйчүүд байхыг хараад, тэдэнтэй амьдрахыг хүсжээ гэж Библид бичсэн байдаг. Тэгээд тэд дэлхий дээр буун ирж, өнөөх бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Бурхан тэнгэр элчүүдийг тэнгэрт амьдруулахаар бүтээсэн учраас ингэх нь буруу байсан юм гэж Библид бичжээ.

Тэнгэр элчтэй гэрлэсэн эмэгтэйгээс гарсан хүүхэд жирийн хүүхдээс өөр байв. Эхэндээ энэ ялгаа сайн мэдэгдэхгүй байсан. Гэвч тэд улам улам өндөр, хүчирхэг болсоор эцэст нь аварга хүмүүс болжээ.

Тэд өөдгүй муу хүмүүс байлаа. Аварга биетэй, их хүчтэй байсан учраас хүмүүсийг зовоодог байв. Хүн болгоныг өөрсөдтэйгөө адилхан муу болгох гэж хичээж байлаа.

Тэр үед Енох хэдийнээ нас барсан байв. Гэвч дэлхий дээр өөр нэг сайн хүн амьдарч байсан. Түүнийг Ноа гэдэг. Тэр хүн Бурхны хий гэсэн болгоныг хийдэг байлаа.

Нэгэн өдөр Бурхан Ноад бүх муу хүнийг устгах цаг боллоо гэж хэлжээ. Гэвч Бурхан Ноа болон түүний гэр бүлийнхэн, мөн олон амьтныг аврахаар шийдэв. Бурхан хэрхэн аварсныг үзэцгээе.