Эхлэл 30:1–43

  • Билха Дан, Нафталийг төрүүлэв (1-8)

  • Зилпа Гад, Ашерийг төрүүлэв (9-13)

  • Леа Иссахар, Зебулуныг төрүүлэв (14-21)

  • Рахел Иосефыг төрүүлэв (22-24)

  • Иаковын мал сүрэг өсөв (25-43)

30  Рахел Иаковт хүүхэд төрүүлж өгч чадаагүй учраас эгчдээ атаархах болов. Тэгээд Иаковт «Намайг хүүхэдтэй болго. Үгүй бол би үхнэ» гэдэг байжээ.  Тэгэхэд нь Иаков Рахелд ихэд уурлан «Би Бурхан юм уу? Би чамайг хүүхэд төрүүлэхгүй болгоо юу?» гэж хэлэв.  Рахел: «Миний шивэгчин Билха энд байна. Түүнтэй унт. Билха надад хүүхэд төрүүлж өгөх байх. Шивэгчнийхээ ачаар би бас хүүхэдтэй болъё» гэжээ.  Ингээд Рахел шивэгчин Билхагаа Иаковт эхнэр болгон өгсөнд Иаков Билхатай унтав.  Билха жирэмсэлж Иаковт хүү төрүүлж өгчээ.  Рахел: «Бурхан миний шүүгч болж, намайг сонсжээ. Тэгээд хүү өглөө» гэж хэлэв. Ийм учраас хүүдээ Дан* гэдэг нэр өгсөн юм.  Рахелийн шивэгчин Билха дахин жирэмсэлж Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв.  Тэгэхэд Рахел: «Би эгчтэйгээ олон удаа барилдаад давлаа» гээд хүүдээ Нафтали* гэдэг нэр өгчээ.  Леа хүүхэд төрүүлэхээ больсноо ойлгоод шивэгчин Зилпагаа Иаковт эхнэр болгон өгөв. 10  Леагийн шивэгчин Зилпа Иаковт хүү төрүүлж өгчээ. 11  Тэгэхэд Леа: «Ямар азтай вэ!» гээд хүүд Гад* гэдэг нэр өгөв. 12  Дараа нь Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөхөд 13  Леа: «Би жаргалтай байна! Эмэгтэйчүүд намайг жаргалтай хүн гэнэ» гээд хүүд Ашер* гэдэг нэр өгчээ. 14  Реубен буудай хураах үеэр хээр явж байгаад жимс* олоод эх Леадаа авчирч өгөв. Рахел Леад «Хүүгийнхээ авчирсан жимснээс надад өгөөч» гэлээ. 15  Тэгэхэд Леа: «Нөхрийг минь авсан чинь багадаад одоо хүүгийн минь авчирсан жимсийг авах нь уу?» гэхэд Рахел: «Тэгвэл нөхөр минь өнөө шөнө тантай унтаг. Хариуд нь хүүгийн чинь авчирсан жимснээс авъя» гэж хэлжээ. 16  Орой Иаковыг хээрээс ирэхэд Леа түүнийг тосохоор гарч очоод «Би хүүгийнхээ авчирсан жимсээр таныг хөлсөлж авсан болохоор та надтай унтана» гэж хэлэв. Иаков тэр шөнө Леатай унтжээ. 17  Бурхан Леаг сонсоод хариулахад Леа жирэмсэлж Иаковт тав дахь хүүгээ төрүүлж өгөв. 18  Леа: «Би нөхөртөө шивэгчнээ өгсөн учир Бурхан надад хөлсийг минь өглөө» гээд хүүдээ Иссахар* гэдэг нэр өгчээ. 19  Леа дахиж жирэмслээд Иаковт зургаа дахь хүүгээ төрүүлж өгөв. 20  Тэгээд Леа: «Бурхан надад сайхан бэлэг өглөө. Одоо эр нөхөр минь намайг хүлээн зөвшөөрнө. Би түүнд зургаан хүү төрүүлж өгсөн» гээд хүүдээ Зебулун* гэдэг нэр өгчээ. 21  Дараа нь нэг охин төрүүлж Дина гэдэг нэр өгсөн билээ. 22  Эцэст нь Бурхан Рахелийг санаж түүнийг сонсоод хариулж, жирэмслэх чадвартай болгожээ. 23  Рахел жирэмсэлж хүү төрүүлэв. Тэгээд «Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө!» гэв. 24  Рахел: «Ехова надад дахин нэг хүү өглөө» гээд хүүдээ Иосеф* гэдэг нэр өгчээ. 25  Рахелийг хүү Иосефоо төрүүлсний дараахан Иаков Лабанд «Би нутаг буцаж, гэртээ харья. Та намайг явуулаач. 26  Танд зүтгэж байж авсан эхнэр хүүхдүүдийг минь өгч явуулна уу. Хэрхэн зүтгэснийг минь та мэднэ шүү дээ» гэж хэлэв. 27  Тэгэхэд Лабан: «Би чиний сэтгэлд нийцэж байвал эндээ үлдээч. Ехова чиний төлөө намайг ивээж байгааг би мэргэ төлгөөр* мэдсэн юм» гээд 28  «Авах хөлсөө тогт. Би чамд өгье» гэж хэлжээ. 29  Тэгэхэд нь Иаков: «Миний танд хэрхэн зүтгэж, мал сүргийг тань хэрхэн өсгөснийг та мэднэ. 30  Намайг ирэхээс өмнө таны эд хөрөнгө бага байсан. Гэхдээ одоо таны мал сүрэг өсөж үржсэн. Намайг ирснээс хойш Ехова таныг ивээсэн. Хэзээ би өөрийнхөө гэр орны төлөө зүтгэх болж байна аа?» гэж өчив. 31  Лабан: «Чи юу авмаар байна вэ?» гэж асуухад Иаков: «Би танаас юу ч авахгүй. Гэхдээ таныг ийм нэг зүйл хийвэл мал сүргийг тань хариулж хамгаалж байя. 32  Би өнөөдөр таны сүрэг дундуур явж үзье. Та цоохор, алаг хонь, бор зүсмийн залуу хуц, алаг, цоохор эм ямааг бүгдийг нь ялгаж ав. Үүнээс хойш төрөх ийм зүсмийн мал нь миний хөлс болно. 33  Хожим та ирээд хөлсийг минь шалгахад үнэнч шударга минь батлагдана. Миний хөлс болгож авсан малын дунд цоохор, алаг эм ямаа болон бор зүсмийн залуу хуцнаас өөр зүсмийн мал байх юм бол намайг хулгайлсанд тооцоорой» гэж хэлэв. 34  Тэгэхэд Лабан: «Болж байна. Чиний хэлснээр болъё» гэж хэлжээ. 35  Тэр өдөр Лабан толботой, алаг бүх эр ямаа, цоохор, алаг бүх эм ямаа, цагаан толботой бүх ямаа, мөн бор зүсмийн бүх залуу хуцыг ялгаж аваад хөвгүүддээ өгөв. 36  Дараа нь Лабан нүүж Иаковынхаас гурван өдөр явах газар очжээ. Иаков Лабаны үлдсэн малыг хариулж байлаа. 37  Иаков бүйлс, чинар, өөр нэг модны дөнгөж тасадсан мөчрүүдийг аваад холтосных нь цаадах цагааныг ил гарч байхаар энд тэнд нь хуулжээ. 38  Тэгээд холтсыг нь хуулсан мөчрүүдээ усны хоолой болон мал услах онгоцон дотор, малын урд байхаар тавьжээ. Энэ нь хонь ямааг ус уухаар ирэхдээ мөчрүүдийн өмнө хээлтэг гэснийх ажээ. 39  Мал сүрэг тэр мөчрүүдийн өмнө хээлтээд толботой, цоохор, алаг төл гаргах болжээ. 40  Иаков залуу хуцнуудыг ялгаад Лабаны малыг толботой, бор зүсмийн бүх малын өөдөөс харуулж зогсоов. Тэгээд өөрийнхөө бүх малыг ялгаж, Лабаны малтай нийлүүлсэнгүй. 41  Тарга тэвээрэгтэй мал хээлтэхэд Иаков мөчрүүдээ усны хоолойн дотор, малд харагдаж байхаар тавьдаг байлаа. Энэ нь хоньдыг мөчрүүдийн хажууд хээлтэг гэснийх ажээ. 42  Харин тарга тэвээрэггүй малын урд мөчрүүдээ тавьдаггүй байв. Ингээд тарга тэвээрэггүй мал Лабаных, тарга тэвээрэгтэй мал Иаковынх болсон ажээ. 43  Иаков их баяжиж, арвин мал сүрэг, зарц, шивэгчин, тэмээ, илжигтэй болов.

Зүүлт

«Шүүгч» гэсэн утгатай.
«Би барилдсан» гэсэн утгатай.
«Аз» гэсэн утгатай.
«Жаргал» гэсэн утгатай.
Төмсний овогт багтдаг нэгэн төрлийн жимс. Шар, улбар өнгөтэй, чавга шиг хэлбэртэй, тошлойтой төстэй. Энэ жимсийг нөхөн үржихүйн чадварыг сайжруулдаг гэж үздэг байжээ.
«Тэр бол хөлс» гэсэн утгатай.
«Хүлээн зөвшөөрөх» гэсэн утгатай.
Иосифиа гэдэг нэрийн товчилсон хувилбар. «Яа нэмэг, өсгөг» гэсэн утгатай.
Эсвэл «баримтаас»