Skip to content

Еховагийн Гэрчүүд Библийг өөрсдийнхөө итгэл үнэмшилд тохируулан өөрчилсөн үү?

Еховагийн Гэрчүүд Библийг өөрсдийнхөө итгэл үнэмшилд тохируулан өөрчилсөн үү?

 Үгүй. Харин ч итгэл үнэмшил маань Библийн дагуу биш байгааг мэдвэл өөрчилдөг.

 1950 онд «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг гаргахаас бүр өмнө бид Библийг нямбай судалдаг байсан. Тухайн үед байсан Библийн орчуулгуудыг хэрэглэж, итгэл үнэмшлийнхээ үндэс болгодог байсан. Еховагийн Гэрчүүдийн хэзээ ямагт баримталдаг итгэл үнэмшил Библийн үндэстэй эсэхийг дараах жишээнээс үзнэ үү.

  1.   Бидний итгэл үнэмшил: Бурхан гурвал биш. «Сионы Харуулын Цамхаг» сэтгүүлийн 1882 оны 7-р сарын дугаарт (англи) «Бид Еховад, Есүст, ариун сүнсэнд итгэдгийг манай уншигчид сайн мэддэг. Харин энэ гурав нь нэг бодгаль доторх гурван Бурхан эсвэл зарим хүний ярьдгаар, гурван бодгаль доторх нэг Бурхан биш юм. Энэ сургаал Библийн огт үндэсгүй» гэж бичжээ.

      Библид ингэж байдаг: «ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц» (Дэд хууль 6:4, АББН 2004). «Ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм» (1 Коринт 8:6, АББН 2004). Есүс өөрөө «Эцэг Надаас илүү аугаа» гэж хэлсэн (Иохан 14:28, АББН 2004).

  2.   Бидний итгэл үнэмшил: Хүнийг мөнхөд тарчилгадаг галт там гэж байдаггүй. «Сионы Харуулын Цамхаг» сэтгүүлийн 1882 оны 6-р сарын дугаарт (англи) «Нүглийн төлөөс бол үхэл» (Ром 6:23, Жеймс Хааны орчуулга) гэсэн гарчигтай өгүүлэл гарсан. Тэнд «Энэ үг хэчнээн ойлгомжтой, энгийн байна вэ! Гэтэл Библийг Бурхны Үг гэж үздэг хүмүүс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Библийн сургаалаар бол, нүгэл үйлдсэнийхээ төлөө хүн амьдаараа үүрд зовдог гэж тэд зүтгэдэг. Энэ нь үнэхээр хачирхалтай» гэж бичжээ.

      Библид ингэж байдаг: «Үхсэн нэгэн нь нүглээс чөлөөлөгдсөн» (Ром 6:7, АББН 2004). Хүн үхээд нүглээс чөлөөлөгддөг юм бол галт тамд тарчлан шийтгүүлэх шаардлагатай юу? Бурхныг эсэргүүцдэг хүн үүрд тарчлан зовохгүй. Харин «мөнхөд сөнөнө» (2 Тесалоник 1:9, МАБ).

  3.   Бидний итгэл үнэмшил: Бурхны Хаанчлал бол зүрхэнд байдаг зүйл биш, бодит засгийн газар. Бурхны Хаанчлал буюу Хаант төрийн тухай «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1881 оны 12-р сарын дугаарт (англи) «Байгуулагдчихаад байгаа энэхүү Хаант төр дэлхий дээрх бүх засгийн газрыг устгана» гэсэн байдаг.

      Библид ингэж байдаг: «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44, АББН 2004).

Еховагийн Гэрчүүд ганцхан «Шинэ ертөнц орчуулга» Библийг л хэрэглэдэг үү?

 Үгүй, бид дэлгэрүүлэх ажилдаа Библийн янз бүрийн орчуулгыг хэрэглэдэг. Бид Библийн хичээл хийдэг хүнд «Шинэ ертөнц орчуулга» Библийг үнэгүй өгдөг. Гэхдээ өөр орчуулгыг хэрэглэхийг хүсдэг хүнтэй ч дуртайяа хичээл хийдэг.