Skip to content

Хараагүй эмэгтэйн залбирлын хариу

Хараагүй эмэгтэйн залбирлын хариу

 Янмэй бол Азид амьдардаг Гэрч эмэгтэй. Тэрбээр нэг удаа Минжиэ гэдэг хараагүй эмэгтэйд зам гарахад нь тусалжээ. a Минжиэ талархсанаа илэрхийлээд «Бурхан таныг ивээг» гэсэн байна. Тэгэхэд нь Янмэй Библийн хичээл санал болгожээ. Минжиэ жинхэнэ үйлчлэгчдийг нь олоход туслаач гэж Бурханд өдөр бүр залбирдаг байлаа. Яагаад тэгж залбирдаг байсан юм бол?

 2008 онд Минжиэгийн хараагүй найз нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цуглаандаа урьжээ. Минжиэ номлолыг нь сонсоод пастораас нь ямар номоос зааж байгааг нь асуув. Бурхны Үг Библиэс гэдгийг сонсоод Библийг уншихыг чин сэтгэлээсээ хүсэх болжээ. Тэгээд 32 дэвтэр бүхий хятад хэлээрх брайл Библийг олж аваад зургаан сарын дотор уншиж дуусгав. Библийг унших тусам сүмд заалгасан гурвалын сургаал худал болохыг, бас Бурхны нэрийг Ехова гэдгийг олж мэджээ.

 Сүмийнхэн нь Библийн дагуу биеэ авч явдаггүйг яваандаа ойлгоод Минжиэгийн урам хугарав. Жишээ нь, хүмүүст шинэ хоол өгдөг хэрнээ хараагүй хүмүүст хуучин хоол өгдөг байлаа. Иймэрхүү шударга бус явдлаас болоод гомдсон Минжиэ өөр сүм хайх болов. Тийм учраас Бурхны жинхэнэ үйлчлэгчдийг олоход туслаач гэж залбирдаг болжээ.

 Янмэй сайхан сэтгэл гаргасан учир Минжиэгийн сэтгэл хөдөлж Библийн хичээл хийхийг зөвшөөрчээ. Тэгээд цуглаанд суусан байна. Минжиэ: «Би Гэрчүүдийн цуглаанд анх очсоноо хэзээ ч мартахгүй. Хүмүүс намайг найрсгаар хүлээн авсанд миний сэтгэл их хөдөлсөн. Би тэднийг харахгүй байсан боловч чин сэтгэлийнх нь хайрыг мэдэрсэн» гэж дурсжээ.

 Түүнээс хойш Минжиэ ахиц дэвшил гаргаж цуглаанд тогтмол очдог болов. Тэрбээр ялангуяа цуглаан дээр дуу дуулах дуртай ажээ. Гэхдээ мэддэг хэлээр нь брайл дууны ном байхгүй байлаа. Иймд өөрөө дууны ном хийхээр шийдэв. Хурлынхныхаа тусламжтайгаар 151 дууг 22 цагийн дотор бичиж дуусгажээ. Тэгээд 2018 оны 4-р сард дэлгэрүүлэгч болсон байна. Сар бүр 30 цаг дэлгэрүүлж байгаа ажээ.

Брайл ном хийхэд цаг хүч их ордог

 Минжиэг баптисм хүртэхэд нь туслахын тулд Янмэй «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номд байдаг асуулт болон Библийн зүйлүүдийн аудио бичлэгийг хийж өгчээ. Ингээд Минжиэ 2018 оны 7-р сард баптисм хүртсэн юм. Тэрбээр: «Тэр чуулганд ирсэн итгэл нэгтнүүдийнхээ хайрыг мэдрээд сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Ингээд Еховагийн жинхэнэ үйлчлэгчдийн нэг боллоо гэж бодоод өөрийн эрхгүй уйлсан» гэж ярьжээ (Ёохан 13:34, 35). Минжиэ өөрийнхөө мэдэрсэн хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд одоо бүрэн цагаар үйлчилж байна.

a Нэрсийг өөрчлөв.