Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ

Яавал тэвчээртэй болох вэ?

Яавал тэвчээртэй болох вэ?

 «Эхнэр нөхөр хоёр тэвчээртэй эсэх нь өдөр бүр шалгагддаг. Тэвчээр гэдэг чанар ганц бие хүнд чухал биш байж болох ч гэрлэсэн хүмүүст маш чухал»—Жон.

 Яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

  •   Гэрлэсний дараа ханийнх нь алдаа дутагдал алган дээр байгаа юм шиг харагддаг.

     «Гэрлэснээсээ хойш хэсэг хугацаа өнгөрөхөөр ханийнхаа онцгүй зан авирыг анзаараад эхэлдэг. Энэ байдал даамжирвал тэвчээр алдах амархан»—Жессина.

  •   Тэвчээр алдвал бодохоосоо түрүүлээд ярьчихдаг.

     «Би сэтгэл хөдлөлдөө автаад хамаагүй ярьчихдаг талтай. Тэвчээртэй байсан бол нухацтай бодож байгаад, яг хэлэх гэснээ хэлэх юм уу ядахдаа дуугүй өнгөрөхгүй юү»—Кармен.

     «Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй» гэж Библид байдаг (1 Коринт 13:4). Хайртай юм чинь бие биедээ тэвчээртэй хандах нь амархан гэж бодмоор. Гэвч дандаа тийм байдаггүй. Дээр дурдсан Жон: «Тэвчээр бол бусад сайхан зан чанартай адилхан. Их л хичээхгүй бол тэвчээртэй байх амаргүй» гэж ярьжээ.

 Хэрхэн тэвчих вэ?

  •   Гэнэтийн явдал тэвчээрийг шалгадаг.

     Жишээ: Хань тань гомдмоор үг хэлжээ. Та шууд л уурлан, үг сөрөв.

     Библийн зарчим: «Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» (Номлогчийн үгс 7:9).

     Тэвчье гэвэл: Хариулах гэж бүү яар. Хань тань санаатайгаар гомдооё, уурлуулъя гэж бодоогүй л байх. «Ихэнх хүн ханийнхаа үгийг зөвөөр ойлгодоггүй, харин өөрийнхөөрөө ойлгоод уурладаг» хэмээн нэгэн номд тэмдэглэсэн байна («Fighting for Your Marriage»).

     Нөхөр юм уу эхнэр тань хэрүүл өдсөн ч үг сөрөөд байлгүй, тэвчээртэй байвал хурцадмал байдлыг намжаана. «Түлээ дутагдвал гал унтарна» гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 26:20).

     «Эхнэрээ дайсан шиг үзэх гээд байвал түр азнаад, яагаад хайрладгаа бодоорой. Тэгээд түүнийгээ баярлуулах юм хийгээрэй»—Итан.

     Бодож үзээрэй:

    •  Хань тань гомдоох юм хэлэх юм уу хийвэл та яах вэ?

    •  Энэ явдал давтагдвал тэвчиж чадах уу?

  •   Хань тань алдаагаа давтаад байвал ...

     Жишээ: Таны хань цаг баримтлахдаа маруухан. Та дандаа хүлээдгээсээ болоод уурлаж бухимддаг.

     Библийн зарчим: «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай» (Колосай 3:13).

     Тэвчье гэвэл: Гэр бүлийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавиарай. «Туулайн чинээ харыг уулын чинээ болгох хэрэг байна уу? Ингэлээ гээд гэр бүлээ батжуулах уу, нураах уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Мөн «бид бүгдээрээ алддагийг» санаж явахад илүүдэхгүй (Яаков 3:2). Танд ч засаж залруулах зүйл байгаа шүү дээ.

     «Заримдаа нөхрөө бус, найзуудаа тэвчих нь амархан байдаг. Нөхөртэйгөө байнга хамт байж, хамаг сайн мууг нь мэддэг болохоор тэр байх л даа. Гэхдээ тэвчээртэй байвал ханиа хайрлаж, хүндэлж байна гэсэн үг. Тэгэхээр тэвчээртэй байх нь үнэхээр чухал гэдгийг би ойлгосон»—Ниа.

     Бодож үзээрэй:

    •  Ханийнхаа алдаа дутагдлыг та тэвчдэг үү?

    •  Яаж илүү их тэвчиж сурах вэ?