Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Хүүхдээ цэцэрлэгт өгөх болбол юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдээ цэцэрлэгт өгөх болбол юуг анхаарах хэрэгтэй вэ?

 Ажил хийдэг зарим эцэг эхчүүд хүүхдээ, жишээлбэл, цэцэрлэгт өгдөг. Харин та яах вэ?

 Ямар асуултыг бодох хэрэгтэй вэ?

 Хүүхдээ цэцэрлэгт өгвөл хүүхэд эцэг эхээсээ хөндийрөх үү? Магадгүй. Бага насны хүүхдийн тархины хөгжил хурдан байдаг. Энэ нь эргэн тойрны хүмүүстэй харьцахад нь нөлөөлдөг. Тархины хөгжлийн энэ чухал үед хүүхэдтэйгээ аль болохоор хамт байх хэрэгтэй (Дэд хууль 6:6, 7).

  •    Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж байгаа эцэг эхчүүд тэдэнтэйгээ яавал улам дотносох вэ гэдгийг бодох ёстой.

 Хүүхдээ цэцэрлэгт өгөхлөөр эцэг эхийн нөлөө багасах уу? Магадгүй. «Бага насны хүүхдүүд олон цаг хамт байх тусам нэг нэгнийхээ нөлөөнд автдаг» гэж нэг номд бичжээ («Hold On to Your Kids»).

  •    Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө тэднийхээ хүмүүжлийг хариуцах гол хүмүүс нь байх ёстойгоо мартаж болохгүй.

 Цэцэрлэгт явсан хүүхэд сургуульд илүү сайн сурах уу? Зарим нь тийм гэдэг. Харин нөгөө зарим нь бараг нөлөөлөхгүй гэдэг. Аль нь ч бай, энэ тухай хүүхдийн сэтгэл зүйч Пенелопе Лич: «Сургуульд олгодог “боловсрол” хамгийн чухал гэдэгт бүү итгээрэй. Бас аль болох багаас нь ийм боловсрол олгох нь сайн гэдэгт ч бүү итгэ. Харин үүнд итгэвэл төрсөн цагаас нь “боловсрол” олгосон эцэг эхээ үнэлэхээ болино» гэж бичжээ.

  •    Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийг үнэхээр шаардлагатай юу, ач тустай юу гэдгийг бодож үзэх ёстой.

 Та хоёрын аль нэг нь гэртээ хүүхдээ харах боломжтой юу? Зарим эцэг эхчүүд тансаг амьдрах гээд хоёулаа ажилладаг. Гэхдээ чухал юмаа гаргууд нь гаргаж байгаа юм биш биз?

  •    Хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр төлөвлөж байгаа эцэг эхчүүд нэг нь хүүхдээ хараад ганц хүний цалингаар амьдрах боломжтой эсэхийг бодож үзэх ёстой.

 Сайн, муу талыг нь нухацтай судалсны эцэст хүүхдээ цэцэрлэгт өгөх эсэхээ шийдээрэй. Тэгээд цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол яах вэ?

 Яах нь зүйтэй вэ?

 Библид «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж байдаг (Сургаалт үгс 14:15). Энэ зарчмыг эргэцүүлээд хүүхдээ аль цэцэрлэгт өгөхөө, хэнээр харуулахаа сайтар бодоорой.

 Ямар сонголт байгааг судлаарай

  •   Зарим эцэг эхчүүд хүүхдээ гэр цэцэрлэгт өгөхөөр шийддэг. Учир нь нэг багшид оногдох хүүхдийн тоо цөөхөн байдаг.

  •   Өөр зарим нь хамаатныхаа хүнээр хүүхдээ харуулах юм уу хүүхэд асрагч хөлсөлдөг.

 Аль ч арга нь сайн, муу талтай. Энэ талаар туршлагатай эцэг эхчүүдтэй ярилцаж болохгүй нь юу билээ? Библид «Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна» гэж байдаг (Сургаалт үгс 13:10).

 Хэрэв та цэцэрлэгт өгөхөөр шийдсэн бол дараах асуултыг бодож үзээрэй.

 Цэцэрлэгийн талаар судлаарай

  •   Бичиг баримт нь хуулийн дагуу юу? Албан ёсны зөвшөөрөлтэй юү? Нэр хүндтэй юү?

  •   Цэвэрхэн үү? Аюулгүй байдлыг хангасан уу?

  •   Ямар хөтөлбөртэй вэ? a

 Багш нарынх нь талаар судлаарай

  •   Мэргэжлийн багш уу? Сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол олгох мэргэжил эзэмшсэн үү? Анхны тусламж үзүүлж чадах уу?

  •   Танай хүүхдийн багш урьд нь хууль зөрчсөн хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэх боломжтой юу?

  •   Багш нар нь байнга солигддог уу? Ингэдэг бол хүүхэд тань дандаа шинэ хүнд дасах хэрэг гарна.

  •   Нэг багшид хэдэн хүүхэд оногддог вэ? Хэрэв нэг багш олон хүүхдэд санаа тавьдаг бол танай хүүхдэд тавих анхаарал халамж дутагдаж магадгүй. Гэхдээ хэр их анхаарал халамж хэрэгтэй вэ гэдэг нь хүүхдийн тань нас, чадвараас хамаарах нь ойлгомжтой.

  •   Багш нар нь эцэг эхчүүдтэй тогтмол харьцдаг уу?

a Жишээлбэл хүүхдүүдэд олон цагаар телевиз үзүүлдэг үү? Эсвэл оюун ухаан, бие махбодод нь сайнаар нөлөөлөх тоглоом тоглуулдаг уу?