Skip to content

Яагаад залбирах ёстой вэ? Бурхан залбирлыг минь сонсох болов уу?

Яагаад залбирах ёстой вэ? Бурхан залбирлыг минь сонсох болов уу?

Библид юу гэж байдаг вэ?

Тийм ээ, сонсоод хариулдаг. Бурхан залбиралд хариулдгийг Библи ч, бодит амьдрал ч баталдаг. «Тэрээр Өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлнэ. Тэр бас тэдний хашхирахыг сонсон, тэднийг аварна» гэж Библид бичжээ (Дуулал 145:19). Бурхан таны залбирлыг үнэхээр сонсох болов уу? Танаас их зүйл шалтгаална.

Бурханд залбирлаа сонсгоё гэвэл та ...

  • өөрт нь л хандах учиртай. Есүс, Мариа, гэгээнтнүүд, тэнгэрийн элчүүд, шүтээнд залбирч болохгүй. «Залбирлыг сонсдог Нэгэн» бол зөвхөн Ехова Бурхан юм (Дуулал 65:2).

  • Библид бичсэн ёсоор Бурхны хүсэл таалал, шаардлагад нийцүүлэх учиртай (1 Иохан 5:14).

  • Есүсийн эрх мэдлийг хүндэтгэж, нэрээр нь дамжуулах учиртай. Есүс: «Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлсэн (Иохан 14:6).

  • итгэлтэй байгаарай. Шаардлагатай бол, илүү их итгэлтэй байхад туслахыг гуйгаарай (Матай 21:22; Лук 17:5).

  • чин сэтгэлтэй, даруу байгаарай. Ехова «хэдийгээр өндөрт оршдог боловч дорд хүнийг харж ханддаг» (Дуулал 138:6).

  • шаргуу байгаарай. «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө» гэж Есүс хэлсэн (Лук 11:9).

Бурханд залбирлаа сонсгоход таны ...

  • яс үндэс, угсаа гарал хамаагүй. «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» (Үйлс 10:34, 35).

  • биеийн байрлал ямар байх нь хамаагүй. Та сууж, бөхийж, сөхөрч эсвэл зогсоод ч залбирч болно (Шастирын дээд 17:16; Нехемиа 8:6; Даниел 6:10; Марк 11:25).

  • чангаар эсвэл дотроо залбирах эсэх нь хамаагүй. Бусдад сонсогдохооргүй, бүр дотроо залбирахад ч Бурхан сонсдог (Нехемиа 2:1–6).

  • санааг зовоож байгаа асуудал ноцтой юу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Бурхан «та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо ... үүрүүл» гэж уриалдаг (1 Петр 5:7).