Skip to content

Тамхи татах нь нүгэл мөн үү?

Тамхи татах нь нүгэл мөн үү?

Библид юу гэж байдаг вэ?

 Библид тамхины a тухай байдаггүй. Гэхдээ эрүүл бус, бузар зүйл хийхийг Бурхан сайшаадаггүй бөгөөд Библид энэ талаар тодорхой зарчмуудыг бичүүлсэн байдаг учраас тамхи татахыг нүгэл гэж үздэг.

  •   Амь насаа хүндэтгэх зарчим. «Бурхан ... бүх хүнд амь амьсгал ... өгдөг» (Үйлс 17:24, 25). Амь бол Бурхны өгсөн бэлэг учраас тамхи татах, эсвэл өөр ямар нэг байдлаар амь насаа богиносгох зүйл хийх ёсгүй. Тамхи татах нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаануудын нэг боловч урьдчилан сэргийлж болдгоороо онцлогтой.

  •   Хөршөө хайрлах зарчим. «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (Матай 22:39). Хүний хажууд тамхи татах нь бусдыг хайрладаггүйн шинж юм. Дам тамхидалтад байнга өртдөг хүн өртдөггүй хүнийг бодвол тамхинаас шалтгаалдаг өвчин тусах магадлал ихтэй байдаг.

  •   Ариун байх зарчим. «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя» (Ром 12:1). «Бурхнаас эмээж, бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэж, улам бүр цэвэр ариун байцгаая» (2 Коринт 7:1). Тамхи татах нь хүнд байх ёсгүй зуршил бөгөөд тамхи татдаг хүн цэвэр ариун байж чаддаггүй. Учир нь тамхичин хүн биедээ санаатайгаар хор учруулдаг.

Зугаацаж цэнгэх зорилгоор марихуан болон бусад хар тамхийг хэрэглэх тухай Библид байдаг уу?

 Библид марихуан болон хар тамхины тухай дурдаагүй. Гэхдээ энэ талаар тодорхой зарчмууд байдаг. Одоо бусад ач тустай зарчмуудыг ч авч үзье.

  •   Оюун ухаанаа дайчлах тухай. «Бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» (Матай 22:37, 38). «Аливаад ухаалаг бай» (1 Петр 1:13). Хар тамхи хэрэглэдэг хүн оюун ухаанаа аливаа зүйлд бүрэн дайчилж чаддаггүй. Ихэнх хүн бүрмөсөн донтдог. Тэд зөвхөн хар тамхи хэрхэн олж хэрэглэх тухай л боддог. Урам сэргээм гоё зүйлсийн тухай бодож чадахаа больдог нь харамсалтай (Филиппой 4:8).

  •   Хууль, дүрмийг сахих тухай. «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай бай» (Тит 3:1). Ихэнх улс оронд хар тамхины хэрэглээг хуулиар хатуу зохицуулсан байдаг. Бурхнаа баярлуулахын тулд бид төр засагт дуулгавартай байх хэрэгтэй (Ром 13:1).

a Тамхи татах гэдэгт янжуур, ороодог тамхи, навчин тамхи, усан тамхи, гаансаар тамхи татах зэрэг нь орно. Мөн энэ өгүүллээр авч үзэх Библийн зарчмууд зажилдаг тамхи, хамрын тамхи, никотинтой электрон тамхинд ч хамаатай.