Skip to content

Хүнийг үхсэний дараа үргэлжилж амьдардаг сүнс байдаг уу?

Хүнийг үхсэний дараа үргэлжилж амьдардаг сүнс байдаг уу?

Библид юу гэж байдаг вэ?

 Еврей хэлний руах, грек хэлний пневма гэдэг үгийг «Ариун Библи» (АББН, 2004) орчуулгад ихэнхдээ «сүнс» гэж орчуулжээ. Библид хэрэглэсэн энэ хоёр үг нь үл үзэгдэх бие (Ёохан 4:24), Бурхны агуу хүч (Ёохан 14:26), давамгайлах хандлага (1 Коринт 2:12), сургаал, мэдээ (1 Ёохан 4:1) гэх зэрэг олон утга илэрхийлдэг.

Адамд Бурхан сүнс өгсөн юм биш, амьд байлгадаг хүч өгсөн

  •   Ехова Бурхан анхны хүн Адамыг бүтээсэн тухай Библид «Амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 2:7). Тэгэхлээр Адамд Бурхан сүнс өгсөн юм биш, амьд байлгадаг хүч өгсөн гэсэн үг.

Хүнийг үхсэний дараа үргэлжилж амьдардаг сүнс байдаг уу?

 «Ариун Библи» орчуулгын Дуулал 146:4-т хэрэглэсэн руах, Иаков 2:26-д гардаг пневма гэдэг үг ямар утгатай вэ? Дуулал 146:4-т «Түүний сүнс [руах] гарч явдаг бөгөөд тэрээр газар шороо уруу буцдаг. Яг тэр өдөр түүний бодлууд мөхдөг», Иаков 2:26-д «Учир нь сүнсгүй [пневма] бие үхмэл байдгийн адил, түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой» гэж байдаг. Эдгээрээс харвал руах, пневма гэдэг үг нь хүнийг амьд байлгадаг зүйлийг хэлдэг байна. Тэр зүйл байхгүй бол хүн үхнэ. Тийм учраас, Библид руах гэдэг үгийг «сүнс» гэхээс гадна «амин амьсгаа» гэж орчуулсан байдаг. Жишээ нь, Ноагийн үед болсон Үерийн өмнө Бурхан: «Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай [руах] биетэн бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ» гэж хэлсэн (Эхлэл 6:17; 7:15). Тэгэхлээр, руах, пневма гэдэг нь амьтай бүхнийг амьд байлгадаг хүчийг хэлдэг нь эдгээр жишээнээс харагдаж байна.

Ойлгоход тус болох жишээ

 Цахилгаан хэрэгслийг ажиллуулахад эрчим хүч хэрэгтэй байдгийн адил хүнийг амьд явахад амьд байлгадаг хүч зайлшгүй хэрэгтэй. Үүнийг жишээгээр тайлбарлая. Радио хүлээн авагчийг «амилуулахын» тулд зай хийх юм уу цахилгаанд залгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажиллахгүй. Үүн шиг, амийн хүч байхгүй бол хүн амьд байж чадахгүй. Цахилгаан, аливаа юмыг мэдэрч, бодож сэтгэдэггүй шиг амийн хүчинд ч бас сэтгэл мэдрэмж, оюун ухаан байдаггүй. Өөрөөр хэлбэл, амийн хүч бол бодгаль биш. Амийн хүч байхгүй бол хүн «үхэж, хөрс шороондоо буцдаг» (Дуулал 104:29).

 Номлогчийн үгс 12:7-д «Тоос [буюу бие] нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс [руах] нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу» гэж бичин хүн үхэхэд юу болдгийг тайлбарлажээ. Амьд байлгадаг хүч биеэс гарахад хүн үхэж, бие нь газар шороо руу, харин амьд байлгадаг хүч амийн эх булаг Бурхан руу буцдаг (Иов 34:14, 15; Дуулал 36:9). Амьд байлгадаг хүч Бурхан руу буцдаг гэдэг нь тэнгэр өөд нисээд явчихдаг гэсэн үг биш, харин үхсэн хүн ирээдүйд амьдрах эсэх нь зөвхөн Бурхнаас шалтгаалах буюу тэр хүний амь Бурхны мэдэлд очлоо гэсэн үг. Тийм ээ, зөвхөн Бурхан амийн хүчийг буцааж өгөх буюу хүнийг амилуулж чадна.

Үхсэний дараа сүнс нь үргэлжилж амьдардаг гэдэг сургаал хаанаас эхтэй вэ?

 Хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжилж амьдардаг гэдэг сургаал Библиэс биш, харин эртний Грекийн гүн ухаанаас эхтэй. Бурхан өөрийнх нь сургаалыг хүний гүн ухаантай хольж хутгахыг эрс буруушаадаг. Библид «Сэрэмжтэй бай. ... Хүний зохиосон уламжлал[д] ... үндэслэсэн гүн ухаан, худал сургаалаар хэн нэгэн та нарыг олзолж авах вий» гэж сэрэмжлүүлсэн байдаг (Колосай 2:8).