Skip to content

Баптисм гэж юу вэ?

Баптисм гэж юу вэ?

Библийн тайлбар

 Баптисм гэдэг нь хүн бүтэн биеэрээ усанд ороод гарах ёслолыг хэлдэг. a Баптисм хүртэж байсан хэд хэдэн хүний жишээ Библид бий (Үйлс 2:41). Тэдгээрийн нэг нь Есүс Иордан голд баптисм хүртсэн явдал юм (Матай 3:13, 16). Мөн нэг етиоп хүн баптисм хүртэхийг хүсэн «ус руу орж» Филип түүнд баптисм хүртээсэн тухай тэмдэглэсэн байдаг (Үйлс 8:36–40).

 Өөрийнх нь дагалдагч болохыг хүссэн хэн боловч баптисм хүртэх ёстой гэж Есүс тушаасан (Матай 28:19, 20). Элч Петр Есүсийн энэ тушаалыг тодорхой тайлбарлажээ (1 Петр 3:21).

Энэ өгүүлэлд:

 Баптисмын утга учир юу вэ?

 Баптисм хүртэх гэдэг нь гэм нүглээ уучлуулахын тулд гэмшиж, Бурхны хүслийг биелүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэнээ олон нийтэд зарлана гэсэн үг юм. Ингэснээр цаашид Бурхан болон Есүсийн сургаалыг дагаж амьдарна. Хүн баптисм хүртсэнээрээ мөнх амьдралд хүргэх замаар алхаж эхэлдэг.

 Баптисмыг Библид оршуулагдсантай адилтгасан байдаг (Ром 6:4; Колосай 2:12). Ус руу бүтэн биеэрээ орох буюу бэлгэдлийн утгаар үхэж амьдралын хэв маягаа бүрмөсөн өөрчлөхийг, уснаас гарч ирэх буюу шинэ хүн болж амь амьдралаа Бурханд зориулж байгааг бэлгэдэн харуулдаг.

 Нялх хүүхдэд баптисм хүртээх буюу загалмайлах ёслол Библийн сургаал мөн үү?

 Загалмайлах ёслолын тухай Библид огт байдаггүй. b Мөн нялх хүүхдэд баптисм хүртээх тухай ч гардаггүй.

 Нялх хүүхдэд баптисм хүртээх нь Библийн сургаалтай нийцдэггүй. Баптисм хүртэх хүсэлтэй хүн тодорхой шаардлага хангах ёстой гэж Библид байдаг. Жишээлбэл: Библийн үндсэн сургаалыг судалж ойлгон, түүнийхээ дагуу амьдрах хэрэгтэй. Мөн гэм нүглээ уучлуулахын тулд гэмшиж, амь амьдралаа Бурханд зориулахаа амлан залбирах ёстой байдаг (Үйлс 2:38, 41; 8:12). Энэ бүхнийг нялх хүүхэд хийж чадна гэж үү?

 Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр баптисм хүртдэг нь ямар утгатай вэ?

 Есүс: «Дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж дагалдагчдадаа тушаасан (Матай 28:19, 20, АББН 2004). Эцэг, Хүү, Ариун Сүнсний буюу Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртэнэ гэдэг нь Эцэг болон Хүүгийнх нь эрх мэдэл, байр суурийг мөн Бурхны агуу хүчний гүйцэтгэдэг үүргийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Үүний нэг жишээ гэвэл, элч Петр: «Назарын Есүс Христийн нэрийн өмнөөс хэлье. Босоод алх!» гэж төрөлхийн доголон хүнд хэлдэг (Үйлс 3:6). Петр Христийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсний ачаар гайхамшиг үйлдэн өвчтэй хүнийг эдгээсэн нь эндээс тодорхой харагдаж байна.

  •   «Эцэг» гэдэг нь Ехова c Бурхан юм. Бүтээгч, Амь өгөгч, Төгс хүчит Бурхан болох Ехова хэмжээлшгүй эрх мэдэлтэй (Эхлэл 17:1; Илчлэл 4:11).

  •   «Хүү» гэдэг нь бидний төлөө амиа өгсөн Есүс Христ юм (Ром 6:23). Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго биелэхэд Есүс гол үүрэг гүйцэтгэдгийг хүлээн зөвшөөрч байж л бид аврагдана (Ёохан 14:6; 20:31; Үйлс 4:8–12).

  •   «Агуу хүч» гэдэг нь Бурхны үйлдэх хүч юм. d Бурхан агуу хүчээрээ бүх юмыг бүтээн, амь амьдралыг бий болгосон. Зөнчид болон үйлчлэгчдэдээ өөрийн үгийг мэдүүлж, хүслийг нь биелүүлэхэд шаардлагатай хүчийг өгдөг байжээ (Эхлэл 1:2; Иов 33:4; Ром 15:18, 19). Мөн Бурхан агуу хүчээрээ удирдан Библи буюу өөрийн үгийг бичүүлсэн (2 Петр 1:21).

 Дахин баптисм хүртэх нь нүгэл мөн үү?

 Хүмүүс шашин шүтлэгээ өөрчлөх нь их байдаг. Урьд нь баптисм хүртэж байсан бол яах вэ? Дахиад баптисм хүртвэл нүгэл үйлдэж байна гэсэн үг үү? Зарим нь тийм гэж хариулдаг. Яагаад гэвэл Эфэс 4:5-д «нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм» гэж байдаг гэж хэлж болох юм. Гэхдээ дахин баптисм хүртэж болохгүй гэсэн санаа энэ зүйлд байхгүй. Үүнийг нягтлан үзье.

 Хам сэдэв: Эфэс 4:5-ын хам сэдвийг үзвэл Христийн дагалдагчид итгэл үнэмшлээрээ нэгдмэл байх учиртайг элч Паул онцолжээ (Эфэс 4:1–3, 16). Христийн дагалдагчид нэгдмэл байдгийн учир нь тэд нэг Эзэн буюу Есүс Христийг дагаж, нэг итгэл буюу Библийн сургаалыг ойлгож, Библид үндэслэсэн баптисм хүртэх шаардлагыг нэгэн адил хангадаг болохоор тэр юм.

 Элч Паул баптисм хүртсэн зарим хүнийг дахин баптисм хүртэхийг зөвлөсөн. Учир нь тэд Христийн сургаалыг бүрэн ойлгоогүй байхдаа баптисм хүртсэн байв (Үйлс 19:1–5).

 Баптисм хүртэх үндсэн шаардлага: Бурхны хүслийн дагуу баптисм хүртэхийн тулд Библийн үнэний тухай зөв ойлголттой байх ёстой (1 Тимот 2:3, 4). Хэрэв Библитэй зөрчилддөг шашны сургаалд үндэслэн баптисм хүртсэн бол тэр баптисмыг Бурхан хүлээн зөвшөөрөхгүй (Ёохан 4:23, 24). Тухайн хүн чин сэтгэлийн үүднээс баптисм хүртсэн байлаа ч үнэн зөв мэдлэгийг олж аваагүй бол тийм баптисмыг Бурхан таалахгүй (Ром 10:2). Бурхны тааллыг олохын тулд Библийн сургаалыг судалж, сурснаа амьдралдаа хэрэгжүүлж, Бурханд өөрийгөө зориулснаар баптисм хүртдэг. Ийм тохиолдолд баптисм дахин хүртэж байгаа бол нүгэл биш харин ч зөвийг үйлдэж байгаа хэрэг.

 Библид дурдсан өөр баптисмууд

 Дээр өгүүлсэн Христийн дагалдагчийн хүртдэг баптисмаас өөр утгатай баптисмын талаар Библид дурдсан байдаг. Зарим жишээг авч үзье.

 Баптисм хүртээгч Ёоханы e баптисм: Мосегоор дамжуулан израйлчуудад өгсөн Бурхны хуулийг зөрчсөн иудейчүүд болон иудейн шашинтай болсон хүмүүс нүглээ наманчлахын тулд Ёоханы баптисмыг хүртдэг байсан. Энэхүү баптисмыг хүртсэнээр тэд Мессиа болох Назарын Есүсийг таньж, хүлээн авахад бэлэн болох учиртай байв (Лук 1:13–17; 3:2, 3; Үйлс 19:4).

 Есүсийн хүртсэн баптисм: Ёоханы хүртээсэн Есүсийн баптисм бол бусад баптисмаас онцгой юм. Есүс нүгэл үйлдээгүй төгс хүн байв (1 Петр 2:21, 22). Түүний хувьд нүглээ наманчлах эсвэл Бурханд хүсэлт гарган «хүн чанараа ариусгах» шаардлага огтхон ч байгаагүй (1 Петр 3:21). Харин тэрбээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэх амласан Мессиа буюу Христ болсноо харуулж Бурханд өөрийгөө зориулан баптисм хүртсэн. Хүн төрөлхтний төлөө амиа зориулсан нь ч үүнтэй хамаатай (Еврей 10:7–10).

 Бурхны агуу хүчээр хүртдэг баптисм: Баптисм хүртээгч Ёохан болон Есүс Христ хоёулаа Бурхны агуу хүчээр хүртдэг баптисмын тухай дурдсан байдаг (Матай 3:11; Лук 3:16; Үйлс 1:1–5). Энэ нь агуу хүчний нэрээр хүртдэг баптисмаас огт өөр юм (Матай 28:19). Яагаад тэр вэ?

 Есүсийн дагалдагчдаас цөөн хэд нь л агуу хүчээр баптисм хүртсэн. Агуу хүчээр тослогдсон буюу томилогдсон тэдгээр хүмүүс Есүстэй хамт хаад, тахилчид болж тэнгэрээс дэлхийг захирах юм f (1 Петр 1:3, 4; Илчлэл 5:9, 10). Тэд диваажин болох дэлхий дээр мөнх амьдрах найдвар өвөрлөсөн Есүсийн сая сая дагалдагчийг удирдана (Матай 5:5; Лук 23:43).

 Есүс Христ болон түүний үхэл рүү хүртдэг баптисм: Бурхны агуу хүчээр баптисм хүртдэг хүмүүс «Христ Есүс рүү бас баптисм хүртдэг» (Ром 6:3). Энэхүү баптисм нь Есүстэй хамт тэнгэрээс захирахаар сонгогдсон хүмүүст хамаатай. Ингэж Есүс рүү баптисм хүртсэнээр тэд Христийн тослогдсон дагалдагчдаас бүрдсэн хурлын гишүүд болдог. Хурал нь бие, тэргүүн нь Есүс юм (1 Коринт 12:12, 13, 27; Колосай 1:18).

 Мөн Христийн эдгээр дагалдагчид «түүний үхэл рүү бас баптисм хүртдэг» (Ром 6:3, 4). Тэд Есүсийг дуурайн өөрсдийн хүсэл сонирхлыг хойш тавин Бурханд дуулгавартай байхыг юунаас ч илүүд үздэг. Мөн Есүсийн нэгэн адил дэлхийд мөнх амьдрахгүй гэдгээ ч сайн мэддэг. Тэд нас бараад тэнгэрт амилснаар энэхүү бэлгэдлийн баптисм дуусгавар болно (Ром 6:5; 1 Коринт 15:42–44).

 Галаар хүртээх баптисм: Баптисм хүртээгч Ёохан: «Тэрээр [Есүс] хүмүүст Бурхны агуу хүч болон галаар баптисм хүртээнэ. Гарт нь шигшүүр байх бөгөөд үтрэмээ сайтар цэвэрлэнэ. Тэгээд буудайг агуулахад хурааж хивгийг унтаршгүй галд шатаана» гэж хэлж байсан (Матай 3:11, 12). Галаар хүртээх баптисм, агуу хүчээр хүртдэг баптисм хоёр ялгаатай. Ёоханы хэлсэн энэ зүйрлэл ямар утгатай юм бол?

 Буудай нь Есүсийн үгийг сонсож, дагадаг хүмүүсийг бэлгэддэг. Тэд Бурхны агуу хүчээр баптисм хүртэх боломжтой. Есүсийг сонсдоггүй хүмүүсийг хивгээр төлөөлүүлсэн. Тэдний төгсгөл бүрмөсөн устгалыг бэлгэддэг галаар хүртэх баптисм юм (Матай 3:7–12; Лук 3:16, 17).

a Баптисм гэж орчуулсан грек үг нь усанд шумбаад гарч ирэх гэсэн утгатай хэмээн нэгэн толь бичигт тэмдэглэжээ (Vine’s Complete Expository Dictionary of Old and New Testament Words).

b Загалмайлах ёслол гэдэг нь Христийн шашны зарим сүмд үйлдэгддэг зан үйл бөгөөд нялх хүүхдэд нэр өгч, толгой дээр нь ус цацах юм уу асгаж баптисм хүртээхийг хэлдэг.

c Ехова гэдэг нь Бурхны нэр юм (Дуулал 83:18, 1838 оны орчуулга). «Ехова гэж хэн бэ?» өгүүллийг үзнэ үү.

d «Агуу хүч гэж юу вэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.

e «Баптисм хүртээгч Ёохан гэж хэн бэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.

f «Ямар хүмүүс тэнгэрт гарах вэ?» гэсэн өгүүллийг үзнэ үү.

g Библид баптисм гэдэг үгийг шашин шүтлэгт хэрэглэгддэг зүйлсийг ариусгах гэсэн утгаар, жишээлбэл, сав суулгыг усанд булхаж цэвэрлэх гэсэн утгаар бас хэрэглэх нь бий (Марк 7:4; Еврей 9:10). Энэ нь Есүс болон түүний дагалдагчид усанд бүтэн биеэрээ орж баптисм хүртэхээс огт өөр ойлголт гэдэг нь тодорхой.