Skip to content

Байгалийн гамшгийн талаар Библид юу гэж байдаг вэ?

Байгалийн гамшгийн талаар Библид юу гэж байдаг вэ?

Библийн тайлбар

 Байгалийн гамшгуудыг Бурхан учруулдаггүй. Харин тэрбээр байгалийн гамшигт өртсөн хүмүүст санаа тавьдаг. Мөн тайвшруулж тусалдаг (2 Коринт 1:3). Бурхны Хаант төр хүн төрөлхтөнд зовлон бэрхшээл учруулдаг бүхий л зүйлийг, байгалийн гамшгийг ч арилгана.

 Байгалийн гамшиг Бурхны шийтгэл биш

 Бурхан байгалийн хүчийг ашиглан хүмүүсийг шийтгэсэн түүх Библид гардаг. Гэхдээ энэ нь байгалийн гамшгаас ялгаатай юм.

  •   Байгалийн гамшиг хэнийг ч ялгадаггүй. Харин Бурхан бузар муу хүмүүсийг л устгах зорилгоор шийтгэл буулгадаг байсныг Библид бичсэн. Жишээ нь, Бурхан эртний хот Содом болон Гоморраг устгахдаа зөв шударга Лотыг охидтой нь аварсан (Эхлэл 19:29, 30). Тэрбээр хүний зүрх сэтгэлд юу байгааг хардаг учраас хорон муу хүнийг төвөггүй ялгаж таньдаг (Эхлэл 18:23–32; 1 Самуел 16:7).

  •   Байгалийн гамшиг ихэвчлэн гэнэт болдог. Харин Бурхан хорон муу хүмүүсийг шийтгэхдээ урьдчилан анхааруулдаг. Тиймээс уг анхааруулгыг хүлээн авсан хүмүүс аврагдах боломжтой болдог байв (Эхлэл 7:1–5; Матай 24:38, 39).

  •   Хүний буруу үйлдэл ч нэрмээс болдог. Хүмүүс байгаль орчноо сүйрүүлдэг. Мөн газар хөдлөлт, үер ус гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлд амархан өртөх аюултай газар байшин барилга барьдаг (Илчлэл 11:18). Хүмүүсийн буруу шийдвэрийн үр дагаварт Бурхан буруугүй (Сургаалт үгс 19:3).

 Байгалийн гамшиг юуны шинж тэмдэг вэ?

 Библид «эцсийн өдрүүдэд» буюу «энэ тогтолцооны төгсгөлийн үед» байгалийн гамшиг ихсэхийг зөгнөн бичсэн (Матай 24:3; 2 Тимот 3:1). Жишээлбэл, бидний амьдарч буй энэ цаг үеийн тухай Есүс: «Хаа сайгүй өлсгөлөн болно, газар хөдөлнө» гэж хэлсэн (Матай 24:7). Тун удахгүй Бурхан бүхий л зовлон зүдүүрийг үгүй хийнэ. Байгалийн гамшгийг ч мөн адил (Илчлэл 21:3, 4).

 Гамшигт өртсөн хүмүүст Бурхан тусалдаг

  •   Библиэр дамжуулан тайвшруулдаг. Бурхан бидний зовлон шаналлыг мэддэг бас ойлгон санаа тавьдгийг Библид батлан бичсэн (Исаиа 63:9; 1 Петр 5:6, 7). Байгалийн гамшигт дахин хэзээ ч нэрвэгдэхгүй сайхан цаг ирнэ хэмээн Бурхан амладаг. Нэмэлт мэдээллийг  «Гамшигт өртсөн хүнийг тайвшруулах Библийн зүйлүүд» гэсэн хэсгээс үзнэ үү.

  •   Үйлчлэгчдээрээ дамжуулан тусалдаг. Есүсийн замаар замнадаг үйлчлэгчдээрээ дамжуулан гамшигт өртсөн хүмүүсийг Бурхан тэнхрүүлдэг. Библид Есүсийн талаар «шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн», «бүх гашуудагчийг тайвшруулна» гэж зөгнөжээ (Исаиа 61:1, 2). Тиймээс Бурхны үйлчлэгчид түүнийг дуурайхыг хамаг чадлаараа хичээдэг (Ёохан 13:15).

     Мөн Бурхан үйлчлэгчдээрээ дамжуулан гамшигт өртсөн хүмүүст тусалж хэрэгтэй зүйлээр нь хангадаг (Үйлс 11:28–30; Галат 6:10).

Еховагийн Гэрчүүд хар салхинд өртсөн хүмүүст тусалж байгаа нь—Пуэрто Рико

 Библид ямар зөвлөгөө байдаг вэ?

 Библи бол гамшигт бэлдэх гарын авлага биш ч амьдралд ойр зөвлөгөө нь хэн бүхэнд ач тустай. Заримыг нь авч үзье.

  •   Гамшигт урьдаас бэлдэхийг зөвлөдөг. Библид «хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3). Гамшигт урьдаас бэлдэх нь ухаалаг хэрэг юм. Анхны тусламжийн хэрэгсэл бүхий цүнх бэлдэх нь их тустай. Мөн гамшиг тохиолдвол хэрхэн хаана уулзахаа гэр бүлээрээ ярилцаж тохирон бэлтгэл хийж болно шүү дээ.

  •   Амь насаа эд хөрөнгөнөөс илүүд үзэхийг зөвлөдөг. «Бид дэлхийд юу ч авчраагүй, дэлхийгээс юу ч авч явж чадахгүй» гэж Библи сануулдаг (1 Тимот 6:7, 8). Хүний амь юунаас ч илүү үнэ цэнтэй гэдгийг санаж байгалийн гамшгийн үеэр гэр орон, эд хөрөнгөө хаяад зугтахад бэлэн байх хэрэгтэй (Матай 6:25).